|

“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол”

 

“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол”

 

Нийтлэгч: М. Бөртэ-Үжин

Удиртгал 

Монгол Улсын хувьд ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Энэхүү Үндсэн хуулиар иргэдийн үндсэн эрхийг хамгаалах үүднээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, эрх хэмжээг Үндсэн хуульд нийцүүлж хязгаарлаж байхын тулд эрх мэдлийн хувиарлалтыг хийсэн бөгөөд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүх эрх мэдлийн хүрээнд ямар өөрчлөлт, дэвшил гарсныг энэхүү нийтлэлээрээ хуваалцахыг хүслээ. 

Хараат бус, бие даасан шүүхийн нэр хүндийг ариун байлгах гол нөхцөл нь шүүгч гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй чанд сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байх явдал бөгөөд шударга, хариуцлагатай байх, хууль дээдлэх, хүн бүрт адил тэгш хандах, шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх нь шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Учир нь шүүгчид бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, иргэд, хуулийн этгээдийн өмчийн маргааныг эцэслэн шийдвэрлэдэг, бусдын гэм буруутай эсэхийг тогтоодог, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг онцгой субъект гэдэгт мөн чанар нь оршдог билээ. 

Иймд  Шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улс 2002, 2013 оноос шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог шинэчлэн байгуулж, ажиллуулж байна. Энэ хугацаанд Шүүхийн ёс зүйн хороо (ШЁЗХ) өөрийн чиг үүргээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тууштай хэрэгжүүлж иржээ. Тус хороо Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүгчийн ёс зүйн хорооны дүрмийн хэрэгжилтэд мониторинг хийж, шүүгчийн сахилгын процесст тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх саналыг боловсруулсаар байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 49 дүгээр зүйлийн 6-д "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо /ШСХ/ ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг шинээр оруулжээ. Өөрөөр хэлбэл одоогийн Шүүгчийн ёс зүйн хороо нь Шүүхийн сахилгын хороо болон өөрчлөгдөж, хуулийн дагуу байгуулагдан, дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байсан бол уг өөрчлөлтөөр ШЁЗХ нь Үндсэн хуулийн бие даасан институт болсон байна. Тэгвэл энэхүү заалт нь ямар ач холбогдолтой болох, мөн  шүүгчийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг авч үзье.  

Шүүгчийн ёс зүйн хороонд тулгамдаж буй асуудал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач тус

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг "шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал” гэсэн хоёр зарчмын нийлбэр гэх үзлээр Үндсэн хуульд томьёолсон байна. Ардчилсан улсуудад шүүгчийн баримтлах ёстой ёс зүйн стандарт өндөр байдаг бөгөөд энэ нь шүүн таслах ажиллагаа төдийгүй хувийн амьдрал, бусад үйл ажиллагаанд хүрч үйлчилдэг. Учир нь хувь хүний, байгууллагын, улс орны амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяатай холбоотой хэрэг, маргааныг нотлох баримт болон хуульд тулгуурлан шударга, үндэслэлтэй шийдвэрлэх чиг үүргийг шүүхийн байгууллага нийгмийн өмнө хүлээдэг. Шүүх энэ чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх нь эн тэргүүний зарчим бөгөөд хараат бус, бие даасан шүүхгүйгээр хүний эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжих боломжгүй юм. 

Харин шүүгчийн хараат бус байдлын нөгөө талд нь шүүгчийн хариуцлага буюу шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааг эрхлэх явцдаа шүүгчийн ёс зүй болон хуулийг зөрчдөг, огт хариуцлага хүлээдэггүй дархан эрхтэй этгээд болгохгүй байх тэнцвэржүүлэгч механизм оршдог. Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмуудын оршил хэсэгт шүүхийн тогтолцоо болон шүүгчийн ёс зүй, үнэнч шударга байдалд итгэх олон нийтийн итгэл нь өнөөгийн ардчилсан нийгмийн амин сүнс болохоор тунхагласан.

Гэвч 2015 онд ШЕЗ-өөс хийсэн "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар нийт судалгаанд хамрагдагсдын 35 хувь нь шүүхэд итгэдэггүй гэсэн бөгөөд зарим аймагт энэ үзүүлэлт 50 хүртэл хувьтай гарчээ. Өнгөрсөн онд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. Өнөөгийн Монгол Улсад шүүх тогтолцоон дахь авилга газар авч байгаа нь хэрэг, маргаанд оролцогч талуудын эрхийг хөнддөгөөс гадна эрх зүйн тогтолцооны суурийг ганхуулж, иргэдийн зүгээс шүүхийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байна. Авилгаас болж орон нутгийн шүүхээс эхлээд бүх шатны шүүх, түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүртэл нөлөөлж, цөөн шүүгчдийн ухамсаргүй үйлдлээс болж шүүхийн систем бүхэлдээ нуран унах аюулд хүрч байна. Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянаж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалах үүднээс Шүүгчийн ёс зүйн хороо байгуулагдсан хэдий ч энэ үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа шалтгаан юунд байгааг мэдэх шаардлагатай.

Юуны өмнө ихэнх улсад шүүгчийн сахилгын хэргийг тусгайлан хариуцдаг байгууллага хянан шийдвэрлэдэг бөгөөд Шүүхийн зөвлөл (Франц, Итали зэрэг), Шүүхийн сахилгын хороо (АНУ-ын муж улсууд), Сахилгын шүүх (ХБНГУ, Чех зэрэг) зэрэг нэр, хэлбэртэй бөгөөд зөвхөн тухайн байгууллагадаа шүүгчийн сахилгын маргааныг харьяалуулсан байдаг. Харин Монгол Улсад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн гишүүнчлэлийн талаар болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд шүүгчийн ёс зүйтэй холбоотой зохицуулалтууд байдгаас ШЁЗХ болон Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд Шүүгчийн ёс зүйн маргааны харьяалал хоёуланд нь харьяалагдаж байна. Өөрөөр хэлбэл Шүүгчийн ёс зүйн зөрчил гарсан тухай нэг асуудлын талаар ШЁЗХ эсхүл Мэргэжлийн хариуцлагын хорооны алинд нь ч хандах боломжтой бөгөөд Шүүгчийн ёс зүйн асуудлаар энэ хоёр хорооны аль ашигтайд нь хандах, нэг асуудлаар хоёр өөр шийдвэрүүд гарах боломжтой нь адилхан эсхүл төстэй хэргийг нэг янзаар шийдвэрлэх зарчим, тэгш эрх зөрчигдөж, процессын шударга ёс алдагдах аюултай. Харин хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн байх ёстой бөгөөд Шүүгчийн хариуцлагын асуудлыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 49 дүгээр зүйлийн 6-д зааснаар энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа, илүү мэргэшсэн ШСХ шийдвэрлэхээр зааж, харьяаллын давхардлыг арилгах эрх зүйн үндэс бүрдсэн байна. 

Мөн Шүүгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх тогтолцооны хувьд Монгол улс хоёр шатлал бүхий, дэлхийн бусад орнууд элбэг сонгон хэрэглэхгүй байгаа холимог шинж бүхий тогтолцоог сонгон авчээ. Шүүхийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ШЁЗХ-нд хамаарах үе шат ба Шүүхийн шатанд хамаарах үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. 

Судалгаанаас үзвэл 2008-2013 онд жилд дунджаар 105.8 гомдол ирж, 10 сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2014-2017 онд жилд дунджаар 201.7 гомдол ирж, 2.7 сахилгын шийтгэл ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн ёс зүйг зөрчсөн гомдлын тоо хоёр дахин өссөн боловч хүчин төгөлдөр болсон сахилгын шийтгэлийн тоо бараг 4 дахин буурчээ. Үүнээс үзвэл өнөөгийн Монгол Улс дахь шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцооны онцлогоос хамааран ШЁЗХ-ны шийдвэр үр дүн багатай болж ирсэн учраас иргэдийн зүгээс шүүхэд итгэх итгэл буурсан байна. Холимог тогтолцооны дагуу ШЁЗХ нь маргааныг эцэслэн шийдвэрлэх бус ёс зүйн маргааны хувьд процедурын шинжтэйгээр оролцох байгууллага болсон байна. Өөрөөр хэлбэл ШЁЗХ-ны шийдвэр агуулгын хувьд үр нөлөө багатай болж байна. Учир нь ШЁЗХ-ны шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийн дийлэнхийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосон нь нэг талаас орон тооны бус гишүүнчлэлтэй тус хорооны шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг шиг хянаж буйтай холбоотой юм. Харин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 49 дүгээр зүйлийн 6-д зааснаар Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн байгууллага болсноороо гаргасан шийдвэр нь хараат бус, процессын олон дамжлага дамжихгүйгээр, бие даан шийдвэр гаргах боломжтой болжээ. 

ШЁЗХ-нд ёс зүйн зөрчлийг шалгах чиг үүргийн хүрээнд ШЭЗБТХ-ийн 34.1-д ШЁЗХ-ны гишүүн гомдол, хүсэлтийг шалгана, ШЁЗХ-ны дүрмийн 3.3.3-т "гишүүн шаардлагатай гэж үзвэл Ажлын албаны ажилтнаар баримт, мэдээлэл бүрдүүлэх даалгавар өгч болно. Энэ тохиолдолд гишүүн захирамж гаргана. Захирамжид ажилтны хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлсон байна” гэж тус тус зааснаас өөр зохицуулалт хууль болон дүрэмд байхгүй бөгөөд мөрдөн шалгах эрх байхгүйгээс хэргийг бүрэн шалгах, хангалттай нотлох боломж хязгаарлагдмал байна. Иймд орон тооны бус уг хороо нь хуулиар өргөн эрх хэмжээтэй мэт боловч түүнийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй институц болсон учраас гаргаж буй шийдвэр нь үр нөлөө муутай болж шүүхийн нэр хүндэд нөлөөлж байна. Иймд цаашдаа ШСХ-ны үйл ажиллагаанд энэхүү асуудлыг хуулиар нарийвчилан зохицуулах шаардлагатай байна. 

Дараагийн асуудал нь шүүхийн захиргааны дараах нийтлэг чиг үүрэг Шүүхийн ерөнхий зөвлөлд төвлөрдөг бөгөөд үүнд шүүх эрх мэдлийн талаарх бодлого, шүүхийн менежмент, шүүхийн төсөв, шүүгчийн шалгаруулалт, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн сахилга зэрэг нь багтдаг. Өөрөөр хэлбэл ШЕЗ нь ШЁЗХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болох зохицуулалт хууль болон дүрэмд байна. Жишээлбэл ШЗтХ-ийн 32.9-т "Ёс зүйн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана,” ШЁЗХ-ны дүрмийн 2.12-т "Ажлын албаны орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно”, уг  дүрмийн 2.10-т "Ёс зүйн хороо нь хэвлэмэл хуудастай байна. Дарга, гишүүдийн захирамжид Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэмдэг, тогтоол магадлалд тамга хэрэглэнэ” гэж тус тус заасан. Мөн ШЁЗХ-нд гомдол гаргахад заавал ШЕЗ-ийн Ажлын албаар дамждаг, ШЁЗХ-ны нийт гишүүдийн хуралдааны магадлалд давж заалдах гомдол гарвал заавал ШЕЗ-ийн Ажлын албанд ирүүлдэг байна. Эдгээр заалтын улмаас ШЕЗ-ийн гишүүн эсхүл ажилтанд шүүгчийн эсрэг гомдол очих, эдгээр гомдолтой албан үүргийн шаардлагагүйгээр танилцах, хариу өгөх тохиолдол гарч байна. Түүнчлэн ШЁЗХ-ны гишүүдийн урамшуулал болон Ажлын албаны ажилтнуудын цалин, урамшуулал, үйл ажиллагааны зардал бүхэлдээ ШЕЗ-өөс хамааралтай. Мөн ноцтой зөрчил гаргасан шүүгчийг огцруулах тухай шийдвэрийг ШЁЗХ гаргасан тохиолдолд заавал ШЕЗ-рүү хүргүүлж Ерөнхийлөгчрүү уламжлуулдаг бөгөөд Ерөнхийлөгч тухайн шүүгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэдэг (ШЭЗБТХ, 37.1). 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 49 дүгээр зүйлийн 6-д заасан зохицуулалт нь ШЕЗ-ийн хэт төвлөрсөн эрх мэдлийг задалж, хяналт тэнцэл бүхий тогтолцоог бий болгох давуу талтай байна. Тухайлбал шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх чиг үүргийг ШСХ нь дангаар шийдвэрлэх боломжтой байна. Мөн ШСХ нь ШЕЗ-ийн доторх байгууллага биш харин түүнээс бие даан ажиллавал шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдалд тустай бөгөөд  уг өөрчлөлтөөр хараат бусаар, шүүгчид хариуцлага тооцох, огцруулах, чөлөөлөх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан байна.

Дүгнэлт

Шүүгчийн сахилгын тогтолцоо нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид тохирох шийтгэл оногдуулах замаар шүүгчийг хариуцлагажуулах механизм юм. Гэвч дээрхээс үзвэл одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу ШЁЗХ хараат бусаар ажиллах, хариуцлага тооцох чадвартай байх талаас нь үнэлбэл төдийлөн сайн дүр зураг харагдахгүй байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болох 49 дүгээр зүйлийн 6-д "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт нь Шүүгчийн ёс зүйн маргааны харьяаллын давхардлыг шийдвэрлэсэн, процесс ажиллагааг хөнгөвчилсөн, гаргасан шийдвэр нь хууль зүйн хүчин чадалтай,  мөн хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Үндсэн хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаар ердийн иргэнд шууд хамааралтайгаар шударга ёс тогтоох, шүүгчээс шийдвэрийг гагцхүү хуульд захирагдаж шийддэг байх, хэрэв ёсзүйгүй шүүгч байвал түүнд үр нөлөөтэй хариуцлага тооцдог тогтолцоо бүрдсэнээр иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэнэ. Нөгөө талаас ажлаа зохих ёсоор хийж чадаж байгаа шүүгч нарыг урамшуулж, дэмжих, баталгааг нь хангах хэрэгтэй, харин үүргээ умартсан шүүгчид хариуцлага тооцдог байх нь бусад ажил, мэргэжлээс шүүгч шударга ёсыг хуульд захирагдаж тогтоодог онцлогтой шууд уялдаатай бөгөөд Үндсэн хуулийн дээрхи нэмэлт өөрчлөлт нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шүүх байгууллагын зөв зохистой үйл ажиллагааг хангах, нийгэмд шудрага ёсыг тогтоох эрх зүйн үндэс болжээ. 

Засгийн газрын мэдээ

0 сэтгэгдэл