|

БНСУ: Хүн ам зүйн хямрал байлдааны талбарт халив


Өмнөд Солонгос улсад төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн турш буурсаар байгаа нь салбар бүрт сөргөөр нөлөөлж буй. Тэр дундаа дэлхий дахинд олон янзын мөргөлдөөн, сөргөлдөөн гарахын хэрээр тус улсын батлан хамгаалахын салбар амаргүй сорилттой тулгарав. Тодруулбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд Өмнөд Солонгосын цэргүүдийн тоо 20 хувиар буурчээ. Энэ нь ажиллах хүчин цөөрч, өндөр настнуудын тоо нэмэгдэж буйтай холбоотой.
Цэргийн алба хаагчдын ажил, амьдралын нөхцөл байдалтай холбоотой нарийн төвөгтэй хүчин зүйлүүдээс болоод офицер болох хүсэлтэй эрчүүд цөөрсөн гэж Батлан хамгаалах яамны тайланд тайлбарлажээ. Тус тайланд чухам ямар хүчин зүйлс гэдгийг дурдаагүй боловч үүнд чанга хатуу дүрэм журам, бага цалин, ажлын урт цаг зэрэг багтдаг. Цэргийнхний нөхцөл байдал хүнд байдаг гэдгийг өмнө нь өөр судалгаануудад ч онцолж байсан нь бий.
Долдугаар сарын байдлаар Өмнөд Солонгосын арми 450 мянган цэрэгтэй байна. Тэгвэл 2019 онд арми 563 мянган цэрэгтэй байжээ.
"Армийн алба хаагчдын тоо цөөрсөөр байвал элит боловсон хүчнийг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах хүн хүч дутна" гэж хууль тогтоогч Чоо Ми-Аэ тус тайланд анхааруулжээ.
Геополитикийн хурцадмал байдал Өмнөд Солонгосыг ч тойроогүй. АНУ-ын асар олон тооны цэргийг нутаг дэвсгэр дээрээ байршуулдаг, тус улстай харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан барууны гол холбоотон улсын хувьд армийн алба хаагчдын тоо цөөрөх нь муу мэдээ.
Хилийн цаахнатай хөрш Хойд Солонгос улс хэдэн арван мянган цэргээ Украины фронтын шугамд илгээгээд буй. Үүний хариуд ОХУ Ким Жон Уны армид цэргийн дэвшилтэт технологи хуваалцаж, олон улсын хориг арга хэмжээг зөрчих вий гэсэн болгоомжлол бий. Ким Жон Ун ч Өмнөд Солонгосыг дайснаа хэмээн анхааруулж, цөмийн зэвсгээр сүрдүүлсээр байгаа билээ.
Гэлээ гээд энэ нь Хойд Солонгосын арми илүү хүчирхэг гэсэн үг биш аж.
Хойд Солонгос ч ялгаагүй төрөлтийн түвшин бууралттай тэмцэж байна. Цаашилбал, технологи нь Өмнөдөөс хамаагүй хоцорч байгаа бөгөөд инновацийн тусламжтайгаар цэрэг татлагын хомсдолоо нөхөхөөр чармайж байна. Энэ талаар Санмёнг их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын профессор Чой Бёнг-ок хэлэхдээ "Өмнөд Солонгос ердийн зэвсгээрээ Хойд Солонгосоос хол тасархай түрүүлж байгаа. Манай цэргийн тоо цөөрсөн. Гэсэн ч бид жижиг боловч хүчирхэг арми гэж хэлэх дуртай. Ийм л байх ёстой" гэжээ.
Өнгөц харахад Хойд Солонгост хэд хэдэн давуу тал бий. Тус улсын армийн алба хаагчийн тоо 1.3 сая буюу дэлхийн хамгийн хүчтэй цэрэгжсэн улсуудын нэг. Энэ нь Өмнөдийн цэргийн тооноос бараг гурав дахин илүү гэсэн үг. Хойд Солонгосын цэргүүд илүү удаан хугацаагаар буюу дунджаар 10 жил цэргийн алба хаадаг. Энэ нь тэдэнд нэгдмэл байдлыг авчирдаг аж.
Эсрэгээрээ Өмнөд Солонгосын армид алба хаах хугацаа нэг жил хагас. Энэ хугацаанд цэргийн алба хаагчдыг тэгтлээ ахисан түвшинд хүртэл хөгжүүлж дийлэхгүй гэж үздэг.
Мөн Хойд Солонгосын төрөлтийн түвшин 2025 онд 1.77 байжээ. Өмнөдийнх үүнээс хамаагүй доогуур буюу 0.75 байсан. Солонгосын банкны Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Жуюнг Лигийн хэлснээр Хойд Солонгосын төрөлтийн тоо 2018 оноос хойш жил бүр Өмнөдийг гүйцэж түрүүлж байгаа аж.
Дээр дурдсан баримт сэлт бол өнгөц харагдах хүчин зүйлс. Илүү том зургаар харвал илүү төвөгтэйг мэргэжилтнүүд онцолж байна.
Өмнөд Солонгос 3.1 сая орчим нөөц цэрэгтэй. Тэд анхан шатны түвшинд бэлтгэгдсэн байж болох ч болзошгүй дайн гарлаа гэхэд харьцангуй олон цэрэг гэсэн үг. Дээрх тоонд АНУ-ын 28500 цэрэг багтаагүй.
Хойд Солонгост төрөлтийн тоо Өмнөдийг гүйцэж байгаа ч гэлээ цар тахлаас хойш тасралтгүй буурсан аж. Ким Жон Ун 2023 онд болсон эхчүүдийн үндэсний чуулган дээр энэ асуудлыг онцолж, олон хүүхэд төрүүлэхийг эх оронч үүрэг хэмээсэн юм. Зөвхөн цэрэг арми гэлтгүй хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг хөдөлмөр их шаардсан үйлдвэрлэлд тулгуурладаг эдийн засагтай орны хувьд төрөлт буурах нь хүндээр тусна.
Гэхдээ төрөлт буурсан, олон цэрэг Орост илгээсэн зэргээс болж үүссэн хомсдолоо Ким Жон Ун эмэгтэйчүүдээр нөхөж байна. Эмэгтэйчүүдийг цэрэгт татах хандлага өмнөх зууны эхэн үеэс л эхэлжээ. Одоогоор Хойд Солонгос дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо 20 хувьтай байна. Тэдний олонх нь цэргийн холбоо, засаг захиргаа, агаарын довтолгооноос хамгаалах их бууны салбарт алба хааж буй залуу эмэгтэйчүүд байдаг гэдгийг дүрвэгчид хэлжээ.
Цэргийн бус иргэний бусад салбарын хомсдолыг мөн эмэгтэйчүүд нөхөж байна.
Тэгвэл Өмнөд Солонгост эмэгтэйчүүд цэргийн алба хаадаггүй. Сайн дурын үндсэн дээр алба хаах боломжтой боловч 2023 оны байдлаар нийт алба хаагчдын ердөө 3.6 хувь нь л сайн дурын эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүдийг ахиу тоогоор цэрэгт татах нь тулгамдсан асуудлын шийдэл гэж зарим шинжээч үзэж буй. Нөгөөтэйгүүр, үүний оронд технологио сайжруулахад анхаарсан нь дээр гэж үзэгсэд ч бий. Өмнөд Солонгос улс шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн болох замдаа явж байгаа тул энэ хямралыг боломж болгон ашиглах нь зүйтэй юм.
Шинэ, дэвшилтэт технологи ашиглавал өөрөөсөө хүчин чадлаар илүү өрсөлдөгчөө хохироож болдогийг Украины жишээнээс харж болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нисгэгчгүй нисэх онгоц, кибер дайн зэрэг нь Өмнөд Солонгосын армийн явган цэрэг, их буунаас хамааралтай байдлыг бууруулахад тусална. Хиймэл оюун ухааны тусламжтай бие даасан систем нь улам бүр хумигдаж буй цэргийн хүчийг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн Өмнөд Солонгос улс батлан хамгаалах салбартаа чамлахааргүй их мөнгө зарцуулдаг. Цэргийн сургуулилалтыг ч олон хийдэг. Тэр дундаа АНУ зэрэг хүчирхэг холбоотонтойгоо хамтран цэргийн сургуулилалт хийдэг нь байлдааны бэлэн байдлыг хангах гол түлхүүр гэдгийг профессор Чой Бёнг-ок хэлжээ.
Цэргийн алба хаах тухай иргэдийн санаа бодол, хандлагыг өөрчлөх нь юу юунаас илүү сорилт юм. Танхайрах, дээрэлхэх, дарамтлах зэрэг олны анхаарлыг татсан хэргүүд Өмнөдийн армид цөөнгүй гарч байсан нь иргэдийн сөрөг ойлголтод түлхэц болж буй. Тиймдээ ч элсэх өргөдөл гаргагчдын тоо жилээс жилд буурсаар байна.
Үүний эсрэг арга хэмжээ болгож Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн жилүүдэд зарим хязгаарлалт, хяналтаа сулруулжээ. Тухайлбал, өдрийн тодорхой цагт гар утас ашиглахыг зөвшөөрөх, цэргийн алба бус өөр урт хугацааны иргэний алба хаах боломж олгох зэргээр өөрчлөлтүүд хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN

0 сэтгэгдэл