|

Залуучуудын 15 бүлэгт 150.0 сая төгрөгийн гарааны дэмжлэг үзүүлнэ

Залуучуудын 15 бүлэгт 150.0 сая төгрөгийн гарааны дэмжлэг үзүүлнэ

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд "Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнес, санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг хөгжүүлэх шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 72 цагийн үйл ажиллагааг зохион явуулж, 09 дүгээр сарын 24-ний өдөр шилдэг санааг сонгон шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад Архангай аймгийн Ихтамир, Хотонт, Эрдэнэбулган, Цэнхэр, Чулуут, Булган гэсэн нийт 6 сумын төлөөлөл 15-34 насны 100 гаруй залуучуудын 15 бүлэг цахим болон биеэр бүртгүүлснээс 11 баг оролцож, 7 багийг шалгаруулжээ. 

Өнгөрөгч 7 дугаар сард эхний шатны шалгаруулалтыг явуулсан бөгөөд найман шилдэг санааг шалгаруулж, баг тус бүрт 10.0 сая  төгрөг, нийт 80.0 сая төгрөгийг 36 сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгожээ.

Хөтөлбөрийн хүрээнд шалгарсан залуучуудын 15 бүлэгт нийт 150.0 сая төгрөгийн гарааны дэмжлэгийг олгохоор төсөвлөсөн байна. 

Сонгон шалгаруулалтад эхний байранд орсон багуудыг таван долоо хоногийн бизнес хурдасгуурын үйлчилгээнд хамруулж, шинэлэг бизнес санаагаа хөгжүүлэх боломжтой нь нотлогдсон багуудтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран ажиллах гэрээ байгуулан 36 сарын хугацаатай 10.0 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй гарааны дэмжлэгийг олгох гэнэ. Санхүүгийн дэмжлэгийг гарааны бизнес эрхлэх хүний цалин хөлс, шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эргэлтийн хөрөнгө гэх мэт гэрээнд заасан зориулалтаар зарцуулах юм.

 
montsame.mn

16 сэтгэгдэл