Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан байна.
Энэ үеэр яригдсан чухал зүйлийн нэг бол "АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ” гэх утга бүхий яриа байв.
Ерөнхийлөгч сонгогдсон даруйдаа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүсэж байв.
Харин үүнээс хоёр жилийн дараас АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барраас ийнхүү тусламж хүсэж нааштай хариу авсан байна.
Үүний дараа улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргаж байсан.
Тодруулбал, оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Түүний уриалга тэгсхийгээд намжсан.
Харин одоо хэсэг намжмал байдалд байсан оффшорын асуудал дахин өндрөө авах нь. Хэрэв АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр амлалтандаа хүрвэл ирэх өдрүүдэд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх хийгээд хаана ямар хөрөнгө хаана байгаа илрүүлэх нь цаг хугацааны асуудал болж байна.
П.Анир
Эх сурвалж: Оlloo.мn
1 сэтгэгдэл