|

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам.долларын эх үүсвэр хаанаас вэ?

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам.долларын эх үүсвэр хаанаас вэ?

УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгалтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд АЯЛАЛ ЖУУЛЧЛЛАЛЫГ харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар болсон билээ.
Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн байна. Швейцар улс авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Монголтой адил онцгой анхаардаг бөгөөд мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг орон. Швейцарын талаас Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол улсад айлчлуулах санал тавьжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан багтаж явсан бөгөөд тэрээр тус улсад айлчлах үеэрээ Швейцарын хууль хяналтын байгууллагууд болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан 5 данс, их хэмжээний ам.долларын гүйлгээтэй хуулгуудыг манай талд хүлээлгэн өгсөн явдал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам долларын 3, еврогийн 2 нийт 5 дансны 2008-2013 оны 12 сар дуустлах гүйлгээнүүдийг ил болгосон хуулгыг албан ёсоор хүлээлгэн өгч, хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.
УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан албаны хүмүүсээс авчирсан С.Баярцогтын данснуудын гүйлгээний хуулгыг Гадаад Харилцааны Яамаар дамжуулж АТГ-т яаралтай хүлээлгэн өгчээ.
Түүний дансан дахь их хэмжээний мөнгөний эх үүсвэрүүд нь зөвхөн Оюутолгой биш, өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь эдгээр данснуудын гүйлгээ агуулж байж болох учир хууль хяналтын байгууллагууд шударгаар шалгаж, их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох үлдлээ…
Хамгийн гол нь 2009 оны 10-р сарын 27-ны энэ өдөр С.Баярцогтын оффшор бүс дахь "Credit Suisse AG” банкны дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх бөгөөд энэ цаг хугацаа нь Оюу Толгойн гэрээг үзэглэсэн хугацаатай давхцдаг нь анхаарал татдаг.Тиймээс л түүнийг Оюу Толгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж харддаг юм. Хууль шүүхийнхэн одоо уг баримтан дээр тулгуурлан хэрхэн шуурхай, шударга ажиллахыг олон түмэн харж байгаа нь гарцаагүй.
 
undesten.mn

82 сэтгэгдэл