АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй худалдааны дайныг зогсоох үйл явцад БНХАУ-ын эрх баригчид хайнга хандаж байна хэмээн буруутгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Худалдааны дайныг эвээр шийдвэрлэх ээлжит уулзалт өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхэлнэ.
БНХАУ-ын Шадар сайт тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус хотноо ирээд буй юм.
"Хоёр тал харилцан тохиролцоонд хүрч чадалгүй өнөөг хүрсэн нь БНХАУ-ын буруу" гэж Трамп мэдэгджээ. Тэрбээр үргэлжлүүлэн "БНХАУ худалдааны хэлэлцээрийг нураасныхаа төлөө том төлөөс төлнө" гэж хатуухан мэдэгдсэн байна.
АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын 10 хувийн тарифыг 25 хувь болгож, нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл БНХАУ зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж, харилцан хатуу эдийн засгийн хориг тавих болно гэж сануулжээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпин "АНУ-ын дарамт шахалт дор хэлэлцээр хийх сонирхолгүй байна" гэж мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
1 сэтгэгдэл