НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байгаа тухай "Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр ирэх 5 дугаар сард Японд айлчлах төлөвтэй байгаа юм.
Түүнчлэн телевизийн "CNBC” сувгийн мэдээлснээр, АНУ болон БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Япон улсад болж магадгүй байна. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, Д.Трамп, Си Жиньпин нарын уулзалтыг Азид хийхийг Хятадын эрх баригчид дэмжиж байгаа аж. Энэхүү уулзалтыг Флорида муж улс дахь Д.Трампын Мар-а-Лаго эдлэнд хийхийг өмнө нь АНУ-ын төлөөлөгчид санал болгосон байна.
АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрийн эцсийн хувилбарт ирэх 5 дугаар сарын сүүлчээр эсвэл 6 дугаар сарын эхээр гарын үсэг зурж магадгүй байгаа тухай "The Wall Street Journal” өмнө нь мэдээлсэн юм. Худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө талууд хэд хэдэн удаа зөвлөлдөх уулзалт хийх төлөвтэй байна.
АНУ-ын төлөөлөгч Роберт Лайтхайзер, тус улсын Сангийн сайд Стивен Мнучин нар хоёр долоо хоногийн дараа Бээжин хотод айлчлахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс долоо хоногийн дараа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хотод хүрэлцэн ирэх аж.
Эх Сурвалж: Montsame.mn
20 сэтгэгдэл