|

АНУ-БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ Вашингтонд болно

АНУ-БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ Вашингтонд болно

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээний ээлжит үе шат хоёрдугаар сарын 21-22-нд Вашингтон хотод болно гэж Хятадын Худалдааны яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ хоёр орны хооронд худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээний долоо дахь үе шатанд оролцохоор хоёрдугаар сарын 21-22-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод айлчилна. Хэлэлцээний энэ шатанд АНУ-ын талаас тус улсын Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар урьдын адил оролцоно.
Түүнчлэн Лю Хэ БНХАУ-ын дарга Си Жиньпиний тусгай элч төлөөлөгчийн хувиар АНУ-д очно гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-БНХАУ-ын хооронд худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээний өмнөх үе шат Хятадын нийслэл Бээжин хотод энэ сарын 14-15-нд болсон билээ. "Дэлгэрэнгүй, эрчимтэй хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарч байгаа боловч хийх ажил мундахгүй их байна” гэж Цагаан ордон хэлэлцээний дараа мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл