|

Гар бөмбөгийн аймгийн аваргууд тодорлоо

Гар бөмбөгийн аймгийн аваргууд тодорлоо

Архангай аймгийн 2019 оны насанд хүрэгчдийн гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27, 28-ны өдөр Биеийн тамир спортын газрын зааланд боллоо. Тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 17 баг оролцсоноос эрэгтэй төрөлд Хотонт сумын баг тамирчид түрүүлсэн бол эмэгтэй багийн төрөлд МУБИС-ийн харьяа Архангайн Багшийн сургуулийн баг түрүүлжээ.

Тэмцээнийг аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдын эрүүл мэнд болон хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Гар бөмбөгийн тэмцээнийг нас насны ангиллаар жил бүр зохион байгуулж байгаа нь энэ төрлийн спортыг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, байгууллагуудын багийн тоглогчдын ур чадвар дээшилж, хурд, хүчтэй багууд өрсөлдөх болсон байна. Энэ нь аймгийн гар бөмбөгийн холбооны спортыг сурталчилж, илүү олон хүнийг хамруулан хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг ажлын сайн үзүүлэлт юм гэдгийг холбооныхон хэлж байна.


2 сэтгэгдэл