"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж тодрууллаа.
-Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүний хүрээнд Архангай аймаг ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлж, иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнд иргэдийн хэрэгцээнд суурилсан, ил тод байдал, иргэний оролцоог хангасан, төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, үр дүнд суурилсан удирдлага, иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох юм. Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож, менежментийг олон улсын түвшинд хүргэх, үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтоох юм. Мѳн төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллах юм. Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тѳрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа.
Манай аймгийн хувьд "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд "Явуулын нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2019 оны А/176 тоот захирамжаар байгуулан төлөвлөгөө, удирдамжаа батлуулан ажиллаж байна.
Бид аяны хүрээнд бүх сум, багт хүрч ажиллан, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай хүргэх, шинэчлэн батлагдсан хууль, журмыг иргэдэд таниулах, сурталчлах зэрэг олон ажлыг зохион байгуулна.
Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор ”Багийн хөгжлийн аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлуулж, 27 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
"Багийн хөгжлийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд Цахир сумын Баянгол, Батцэнгэл сумын Дэл, Төвшрүүлэх сумын Хөхсүм, Цэнхэр сумын Алтан-Овоо багт багийн төвүүд шинээр барьж ашиглалтад оруулснаар иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжийг нэмэгдүүллээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Өндөр-Улаан сумын Хануй, Төвшрүүлэх сумын Баян- Өндөр багийн төв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Батцэнгэл, Өлзийт, Чулуут, Хашаат сумын багийн төвийг барихаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр Батцэнгэл, Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын барилга барина.
Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээний талаарх ”Мэдээллийн самбар”-ыг баг бүрт байршуулж, иргэдэд шаардлагатай үйлчилгээний жагсаалт, хууль, эрх зүйн мэдээллээр хангахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр аймагтаа "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн нээлтийг зохион байгууллаа. Төлөвлөгөөний дагуу сум, багийн төвүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, архив, ХХҮГ, ГХБХБГ, БОАЖГ, ГБХЗХГ зэрэг байгууллага 30 гаруй төрлийн үйлчилгээгээр иргэдэд үйлчилж, мэдээлэл, сурталчилгаа хийнэ. Мөн төрийн өөр ямар үйлчилгээг авахад иргэдэд хүндрэл бэрхшээлтэй байдгийг тодруулж авах юм.
-Төрийн үйлчилгээ үзүүлэх, ямар нэг шийдвэр гаргахад чухал нэг асуудал нь ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах тухай асуудал байдаг. Энэ талаар барьж байгаа бодлого юу вэ?
-Төрийн үйлчилгээ нь нэг талдаа иргэнд хүрч байгаа. Нөгөө талдаа иргэдийн оролцоо төрд хэрэгтэй. Бид хийж хэрэгжүүлж байгаа ажил болон шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ оролцоо, санаа бодлыг тусгаж явдаг. Жишээ нь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, тэндээс хийх ажлуудаа эрэмбэлэн аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж, тухайн жилийн болон дараа жилийнхээ төлөвлөлтүүдийг гаргадаг. Энэ ажлаа эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ идэвхжүүлнэ. Ингэснээр орон нутагт орж байгаа хөрөнгө оруулалт маань иргэд рүүгээ чиглэсэн, тэдний хэрэгцээ, шаардлагад тулгуурласан байх юм. Ингэж ажиллах нь зөв шийдвэр гарахад нөлөөлнө. Энэ мэт хамтын оролцоог хангаж ажиллах зорилго тавьж байгаа.
-Сар бүр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга нар шуурхай зөвлөгөөнийг хийж байна. Энэ нь бас иргэдийн оролцоог хэрхэн хангах, ямар үйлчилгээнд хүндрэл байдаг, түүнийг хэрхэн засч болох асуудлаар ярилцдаг гэж би харсан?
-Өнгөрсөн 3-р сараас эхлэн бүх агентлагийн дарга, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарыг оролцуулсан шуурхай зөвлөгөөнийг хийж эхэлсэн. Шаардлагатай тохиолдолд сумдын Засаг дарга нарыг хуралд оролцуулах, мөн өөрсдөө тодорхой саналтайгаар хуралд оролцох боломжтой юм. Сар болгоны 25-нд хийнэ. 4-р сарын 25-нд шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулсан. Өнөөдрийн хурлаар тодорхой үр дүнгүүд харагдаж байна. Өмнө нь бид улиралд нэг удаа хийж, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгч, биелэлтээ хардаг байсан бол одоо сар бүр хийж, үүрэг даалгаврын биелэлтийг тооцож, гарч байгаа үр дүнгээ ярилцдаг болсон. Цаашид хэрэгжүүлэх ажлуудаа ч цаг хугацаатай нь уялдуулаад явж байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр цаг үетэй холбогдуулан хэлтэс, агентлагийн мэдээллүүдийг сонсож байна. Ингэснээр бүх байгууллага нэг ойлголт мэдээлэлтэй болж байгаа юм. Хэн нэг иргэн ямар нэг асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөөч гэхэд байгууллагуудаас тодорхой нэг чиглэлээр мэдээлэл өгөх давуу талтай. Дараагийн дугаарт, иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээний чиглэлээр дор дор нь анализ хийж байна. Тухайлбал, саяхан 10 суманд цэрэг татлагын ажлыг зохион байгуулаад ирсэн. Энэ хүрээнд хотод сурч байгаа оюутнуудыг заавал суманд нь дуудаж, цэргийн бүртгэл хийсэн байгаа юм. Үүний араас эцэг эхчүүдийн "оюутнуудыг сурч байгаа газар нь цэрэг татлагад хамруулж болдоггүй юмуу. Үүнийг шийдвэрлэж өгөөч” гэсэн гомдол, санал гарсан. Бид хэчнээн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч ард иргэдэд ямар нэг хүндрэл гарахгүйгээр зохион байгуулж болох юм. Ирэх жил цэрэг татлагын үеэр оюутнуудыг хэрхэн хамруулах талаар гаргалгаа гаргая гэдэг шийдэлд хүрсэн. Мөн байгууллагуудыг сар сард нь шахаж ажиллаж байгаа учраас мэдээ, мэдээлэл гаргах, иргэдтэйгээ холбогдож байгаа үйл ажиллагааныхаа чиглэлээрх ажил дээр нь ахиц гарч байна.
-Засгийн газраас энэ жилийн хүрээнд 5 зорилт дэвшүүлсний нэг нь иргэдийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээ юм. Энэ зорилтын хүрээнд ямар ажлыг төлөвлөсөн байгаа вэ?
-Энэ жилээс хийж байгаа томоохон ажил бол төрийн байгууллагуудыг цахим мэдээллийн сайттай болгон холбох ажил байна. Ингэснээр одоогийн тооцож байгаагаар 320 гаруй төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Энэ ажлыг 2019 ондоо бүрэн хэрэгжүүлнэ гэж зорилго тавин ажиллаж байна.
Мөн иргэд цахим орчноос мэдээллийг сайнтай, муутай нь авдаг болсон байна. Төрийн ажил үйлчилгээний талаарх мэдээллийг албан ёсны цахим сайтаас авах нь нэн чухал. Цахим орчин ч нэлээд хөгжсөн байна. Бид ажлаа ярьж, хийхээс илүү өдөр болгон цахим мэдээллийн талбартаа байршуулж, олон нийтэд хүргэж, хийсэн ажлаа сурталчлах ажлыг эхлүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын албан ёсны www.arkhangai.gov.mn цахим сайт шинэчлэгдсэн байгаа. Энэ сайтад байгууллагуудын заавал байршуулах мэдээллүүдийг оруулах, шинэчлэх, сайжруулах ажил байна.
Энэ ажлыг 5-р сарын 25 гэхэд жигдрүүлж дуусгаад, иргэдэд нээлттэй болгоно. Төрийн үйлчилгээний 320 үйлчилгээний мэдээллийг авах нэг суваг нь цахим орчин, албан ёсны вэб сайт юм. Аймагт цахим сайтыг цөөхөн байгууллага ажиллуулж байна. Тэгэхээр дараагийн сард бүх байгууллага албан ёсны сайтаа бүрэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна гээд үүрэг өгсөн байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
9 сэтгэгдэл