|

Э.Макрон: Эх дагинын сүмийг 5 жилийн дотор сэргээн засварлана

 

Э.Макрон: Эх дагинын сүмийг 5 жилийн дотор сэргээн засварлана

 

ПАРИС./Xinhua/. "Гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн дотор улам үзэсгэлэнтэй болгоно" гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мягмар гарагт амлажээ.
"Гамшигт явдлыг боломж болгон өөрчлөх нь бид бүгдээс хамаарна” хэмээн Э.Макрон хэлээд, францчуудыг нэгдмэл байхыг уриалсан байна.
Парисын алдарт сүмд даваа гарагийн орой гал түймэр дэгдсэн юм. Нийгмийн сүлжээнд тархсан дүрс бичлэгүүдээс үзэхэд, сүмийн төв хэсгээс өтгөн утаа савсаж, хоёр цамхгийн хооронд гал дүрэлзэж байжээ.
Францын готик хэв маягийн уран барилгуудын сор болсон Эх дагинын сүмд учирсан хохирлын хэмжээг хараахан тооцоолоогүй байгаа хэдий ч үүнийг сэргээн засварлах ажилд зориулан 700 сая евро буюу 790 сая ам.долларын хандив цуглараад байна.
"Гал түймэр засварын ажлаас үүдэн дэгдсэн байж болзошгүй” гэж Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байна. Үүний учир шалтгааныг тогтоохоор 50 мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажил удаан хугацаагаар үргэлжилж магадгүйг Парисын прокурор Реми Хэйц мэдэгдээд байна. Түүний хэлснээр, одоогийн байдлаар гэмт хэргийн шинжтэй нотлох баримт олдоогүй бөгөөд ослоос үүдэлтэй байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.
Эх дагинын сүмийг барьж байгуулах ажил 1160 онд эхэлж,  100 гаруй жилийн турш үргэлжилжээ. Энэхүү сүмийг жил тутам 13 сая хүн үзэж сонирхдог байна. 

19 сэтгэгдэл