|

Архангай аймагт хөнгөлөлттэй үнээр тэжээл олгоно

 


Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг өчигдөр Архангай аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдлыг үнэлэн, гамшгийн үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа.
Өнгөрсөн сард аймгийн 19 сумын 50 орчим хувь нь цастай байжээ. Аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байгаагаас Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.
Энэ онд нэмэгдэл тэжээлд 1682.7 мянган толгой мал орж, байран маллагаанд 79.8 мянган толгой мал байна.
Өнгөрсөн онд малчдын түвшинд 75.3 мянган тонн өвс, 1057 тонн гар тэжээл, 173 тонн сүрэл, 1584 тонн ногоон тэжээл, 429 тонн үйлдвэрийн тэжээл, 5 тонн дарш, 1886 тонн давс хужир шүү бэлтгэснээс одоогоор 90 орчим хувийг нь ашиглажээ. Сумдаас авсан судалгаагаар Ихтамир, Цэцэрлэг, Батцэнгэл зэрэг сумдад 27.5 тонн өвс, 31 тонн тэжээл шаардлагатай байна гэв.
Тиймээс хаврын улиралд өвс, тэжээлийн дутагдалд орж болзошгүй тул 300 тонн өвс, 160 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, 50 тонн нэмэгдэл эрдэс тэжээл өгөх, тодорхой тооны хээлтүүлэгч малаар хангах зэрэг саналыг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

0 сэтгэгдэл