|

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын хоёр дахь өдөр эхэллээ

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын хоёр дахь өдөр эхэллээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Ханой хотноо үргэлжилж буй дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу тэдний энэ удаагийн уулзалтын сүүлийн өдөр эхэллээ.
Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.
 
Өнөөдрийн уулзалтын хөтөлбөрт юу багтаж байна вэ?
 
Цагаан ордноос мэдээлснээр, АНУ-БНАСАУ-ын удирдагчид "Metropole” зочид буудалд хэд хэдэн уулзалт хийх бөгөөд эдгээр уулзалт нь 45 минут үргэлжлэх ганцаарчилсан уулзалтаар эхлэх ажээ.
Уулзалтуудын төгсгөлд "Хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол” болох юм. Хамтарсан хэлэлцээрийн агуулга ямар байх нь тодорхойгүй байна.
Үүний дараа Д.Трамп 15:50-д /Вьетнамын цагаар/ хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.
 
Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн хуваарь
 
9:00 (10:00 Улаанбаатарын цагаар) Д.Трамп, Ким Жөн Ун нар ганцаарчилсан уулзалт хийнэ
9:45 (10:45 Улаанбаатарын цагаар) Хоёр орны удирдагчид төлөөлөгчдийн хамт уулзана
11:55 (12:55 Улаанбаатарын цагаар) Д.Трамп, Ким Жөн Ун нар ажил хэрэгч өдрийн зоог барина
14:05 (14:05 Улаанбаатарын цагаар) Хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно
15:50 (16:50 Улаанбаатарын цагаар) Д.Трамп хэвлэлийн бага хурал хийнэ
 
Өчигдөр болсон үйл явдлууд
 
Д.Трамп болон Ким Жөн Ун нар "Metropole” зочид буудалд хүрэлцэн ирж, сэтгүүлчдийн өмнө гар барин мэндчилсэн. Үүний дараа тэд ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Энэхүү уулзалтын дараа хоёр орны удирдагчид төлөөлөгчдийн хамт оройн зоог барьсан юм.
АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп зочид буудалд цугласан сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, энэ уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоосоо буцахгүй гэж онцлон дурдав.
Мөн тэрбээр, "Сингапурт болсон бидний анхны уулзалт маш амжилттай болсон. Зарим хүн яараад байх шиг байна. Би болон бусад хүн сэтгэл хангалуун байгаа бөгөөд бид хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хүсэж байна” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна тэрбээр Ким Жөн Уныг "агуу удирдагч” хэмээгээд, БНАСАУ-ын эдийн засгийг хөгжүүлэх түүний үйл хэрэгт тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мэдэгдэл хийхдээ, хүн бүрт тааламжтай эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ийм үр дүнд хүрэхийн төлөө чадах бүхнээ хийхээ онцлон тэмдэглэжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл