Орос-Монголын цэргийн хамтарсан "Сэлэнгэ-2019” сургуулилт 8-9 дүгээр сард Монгол Улсын цэргийн хээрийн сургуулилтын Мөнх Хэт талбайд болно. Энэ тухай ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, хурандаа Александр Гордеев мэдээлэв.
"Хоёр орны цэргийн хамтарсан сургуулилтыг энэ жил Монголын Мөнх Хэт талбайд хийнэ. Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчдыг Монголын хилээр нэвтрүүлэх, хээрийн сургуулилтын талбайд байрлуулах журам, мөн соёл, амралт чөлөөт цаг, спортын үйл явдлын төлөвлөгөөг баталсан” гэж Гордеев мэдээлсэн байна.
Сургуулилтын оргил үед хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах болон хил орчмын суурингуудыг хамгаалах тактик боловсруулна гэж тэрбээр онцлон дурджээ.
Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулна гэж урьд нь мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл