|

Ерөнхийлөгч үйл ажиллагааны тайлангаа танилцуулна


УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Чуулганы нэгдэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааны тайлангаа танилцуулах юм. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Беларусь улстай байгуулсан Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, Монгол, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсллийг хэлэлцэхээр товложээ.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлох, зардлын хэмжээг батлах тухай, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай, УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц” сэдвээр мэдээлэл хийнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.
montsame.mn

0 сэтгэгдэл