УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр үг хэллээ.
Тэрбээр, "2016 оны 6 сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 49 хувийг хувьчилсан тухай олон нийтэд мэдээлсэн. Яг энэ өдөр сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байсан бөгөөд би тухайн үеийн МАН-ын дарга, МАН-ын сонгуулийн төв штабын даргаар ажиллаж байсан хүний хувьд хувьчлал хуулийн дагуу явагдсан эсэхийг хэрэв УИХ-д олонх болвол шалгана гэдгээ илэрхийлсэн.
Дараа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласны дараа энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гаргахыг би өөрөө дэмжиж кноп дарж байсан.
Зарим нэг гишүүд уг тогтоол дээр үг үсгийн засвар хийх гэж хэсэг бүлэг хүмүүс асар их ажиллаж байсан гэж буруу ташаа мэдээлэл өгч байгаа.
Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч ярьж байсан хамаагүй мэтээр төрийн албан тушаалтнууд хандаж болохгүй гэж бодож байна.
УИХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Засгийн газар ажилласан ч тогтоол хэрэгжихгүй байгаа болохоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би өөрөө санаачилж 49 хувийн хувьчлал, 51 хувийн өр зээлийн асуудлыг шалгах ёстой гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.
Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй байгаа шалтгаанаа гаргасан шийдвэрийг нь захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгоод байна гэж тайлбарлаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ Засгийн газрын байгууллагуудынхаа гаргасан шийдвэрүүдийг хамгаалах түүний үнэн зөвийг тогтоолгох талаар Засгийн газар ажиллахгүй байгаа юм байна. Үүнийг Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан нэг эрхэм 10 хоногийн өмнө "намайг тэр шүүх хуралд очихыг манай сайд зөвшөөрөөгүй” гэж олон нийтэд мэдээлсэн.
Мөн Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдаж байгаа тухай яриа гарсан. Энэ асуудлыг надтай холбож тэр ч бүү хэл энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулж байгаа гэсэн буруу ташаа ойлголт өгч байна. Шөнө оройн цагаар 49 хувийн хүмүүс манай гэрт очиж уулзсан гэх мэт ор үндэсгүй зүйлийг ярьж байна.
Болж буй бүх үйл явдлуудын хар борыг нь нэг хүн дээр тохож, нэг хүнийг буруутгаж гүтгэж байгаа нь туйлын шударга бус зарчимгүй асуудал гэж үзэж байна” гэлээ.
unen.mn
0 сэтгэгдэл