|

МАН-ын хяналтын хорооны "МАТРЫН НУЛИМС"

МАН-ын хяналтын хорооны "МАТРЫН НУЛИМС"

 

"Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ гэдгийг эх сурвалжууд элдвээр л хэлдэг юм байна. Матар үрээ идчихээд, араас нь ганцхан дусал нулимс унагадаг гэнэ. Бас матар олзоо идэхдээ нулимс унагаж байдаг. Энэ нь түүний биологийн араншин гэж байна.

Ерөөс ямар нэг тааруухан үйлдлийнхээ хойноос хэлбэр төдий, худлаа гэмшил харуулахыг л матрын нулимс гээд байна гэсэн үг. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэдэг бүтэц нь өнөөдөр яг тийм үйлдэл хийж, "матрын нулимс” унагалаа. МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж намынхаа дүрмийн биелэлт, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, гишүүдийнхээ гомдол санал зэрэгт хяналт тавих үүрэгтэй бүтэц юм байна.

Дарга нь намынхаа Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй. Харин гишүүнээр нь тус намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон, гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, гучин нас хүрсэн хүмүүсээ сонгож оруулдаг юм байна. Энэ хороо 15 гишүүнтэй.

МАН-ын дүрмээс харвал намынхаа Их хурлаас сонгогддог энэ хороо хараат бусаар ажиллах ёстой аж.

Гэхдээ өнөөг хүртэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж байдаг үгүй нь мэдэгддэггүй байв. Энэ намын гишүүд янз бүрийн хэл ам, хэрүүл тэмцэлд орооцолдсон л явж байдаг. Энэ хороо нь дуугардаггүй л байв. Харин саяхнаас "албан ёсоор” ажиллаад эхэллээ.

2018 оны долдугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг доройтолд орж, асуудал тарьж байгаа талаар мэдээлэв. Дараа нь наймдугаар сарын 3-ны өдөр дахин хэвлэлийн хурал зарлаж, 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн асуудлыг авч хэлэлцээд, ёс зүйн алдаа гаргасан гэсэн тогтоол гаргалаа гэж мэдэгдсэн. Тэр нь уржигдраас цахим сүлжээнд тавигдах замаар олон нийтэд ил болов.

Энд нэг зүйл анхаарал татаж байгаа юм. МАН-ын дарга нарын төрийн албан тушаалыг наймаалж 60 тэрбум төгрөг босгох яриа хаа байсан 2014 оны 8, 9 дүгээр сард болсон байдаг.

Харин бичлэг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө, тавдугаар сард нийтэд цацагдсан. Үүнээс хойш эл дол болтол яригдсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг өнгөрөөсөн. Бас хууль хяналтын байгууллагаар хүртэл шалгуулаад амжсан байдаг. Гэвч энэ хооронд МАН-ын Хяналтын ерөнхий хороо таг чиг байсаар иржээ.

Харин өнөөдөр гэнэт "амь орж” 60 тэрбумын ярианд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Г анбаатар нарт хариуцлага тооцох хэрэггэй гэсэн тогтоолыг гаргажээ. Одоо түүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар нь хэлэлцэж таарах байх. Эсвэл огт тоохгүй ч байж мэднэ.

Учир нь таг чиг байсан Хяналтын ерөнхий хороо гэнэт ажиллаж, дүгнэлт тогтоол сэлтийг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод улстөржилттэй шууд холбоотой байх магадлалтай гэдгийг тус намынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын ерөнхий хороо ингэж "матрын нулимс” унагасан нь тус хорооны даргаар дамжуулан хийгдсэн улс төрийн тоглоом гээд байгаа хэрэг. Учир нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Дааданхүүгийн Батбаатар гэдэг хүн ажилладаг.

Өмнө нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн хүн гэгддэг нэгэн юм.

Цаг хугацааны хувьд төдийлөн ач холбогдолгүй ийм тогтоолыг хэн, юунд ашиглаж болох вэ гэдгийг анзаарах ёстой.

Энэ хороо ийм тогтоол гаргасан гаргаагүй 60 тэрбумын ярианд оролцсон хүмүүст ард түмэн ёсзүйн хариуцлага тооцчихсон. Тиймээс энэ ярианд оролцсон хүмүүсээ "тайрч” хаяад МАН-ын нэр хүнд өсч сүйд болохгүй.

Харин Д.Батбаатарын баталсан тогтоол МАН доторх асуудалд нь хэрэг болох хэмжээний бичиг болж байна. Энэ тогтоол У.Хүрэлсүхээс М.Энхболдод өгч байгаа сануулга, эсвэл М.Энхболдтой эвлэрч найрамдаж, наймаа тохироохийх "шантаажны бичиг” байх талтай юм байна.

Тиймээс дээр хэлсэнчлэн Хяналтын ерөнхий хорооны энэ тогтоол нам дотор нь Удирдах зөвлөл, Бага хурал хүртэл сүрхий явна. Аль эсвэл энэ хороо урьд нь таг чиг байсан шиг сураг алдарна.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны "матрын нулимс”-ын учир шалтгаан нь ийм ажээ.

Б.Дамдин-Очир

3 сэтгэгдэл