УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах гурван үндэслэл бүхий саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа СЕХ-ноос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй хэмээн үзэж, Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэл, тайлбарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. СЕХ-ны энэхүү саналд үндэслэн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард өргөн барьсан ба УИХ-аар хэлцэгдэж байгаа юм.
МАН-ын бүлэг 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын тухай мэдээллийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг баримтлан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хууль санаачлагчид нь дараах үндэслэлээр буцаах нь зүйтэй хэмээн үзэж, шийдвэрээ Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлав. Үүнд:
Нэгдүгээрт, нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй нь хууль батлахад хүндрэл бий болгож байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ, орон нутгийн сонгуулийн асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудыг хамт хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах процедурт нийлэмжтэй.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, хандлага, ялангуяа УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гарсан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүйг илтгэж байна.
Гуравдугаарт, хэлэлцүүлэг сунжирснаар хуулийн хугацааг өөрчлөх шаардлагыг үүсгэж байна. Иймд цаг хугацааны хувьд цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзээд МАН-ын бүлэг уг саналыг харгалзан үзэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүслээ.
857 сэтгэгдэл