УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-д "Баялагтаа эзэн Монгол” лобби бүлэг байгуулснаа өнөөдөр зарлав.
Энэ талаар Т.Аюурсайхан гишүүн, "Бидний Монголын байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил хууль бусаар худалдан авсныг УИХ-ын гишүүд тэмцэл өрнүүлж Монголын төрд авсан. Мөн Таван толгойн орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллараар олгох гэж байсныг мөн зогсоосон. "Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниуд шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Энэ материалиудыг гаргаж өгөхгүй бол ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт үнэн бодит гарахгүй. Тиймээс бид УИХ-д "Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна. Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бүлгийн зүгээс нэн түрүүнд хууль, шүүхийн байгууллагууд өргөсөн тангараг, эх орондоо үнэнч, улс төрчдөөс хараат бус хүмүүсийг ажиллуулах болно. Мөн бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, Монголбанк, Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийнэ” хэмээв.
Мөн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг гадны компанид худалдсан тухай мэдээллийг шалгасан. Энэ мэдээлэл үнэн. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч компани Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатын байгууллагаар хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг батлуулжээ. Тодруулбал, Сингапурт үүсэн байгуулагдсан компанийг эзэмшигч 1995 оны тавдугаар сард төрсөн Б.Номуундарь гэх охинд шилжүүлсэн байна. Энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан" гэлээ.
Түүнчлэн гишүүдийн зүгээс Сүхбаатарын талбайд энэ сарын 25-наас өлсгөлөн зарлаад буй иргэдийг өлсгөлөнгөө түр зогсоохыг уриаллаа.
Сүхбаатарын талбайд энэ сарын 10-наас эхлэн үргэлжилж буй "МАНАН дэглэмийн эсрэг хамтдаа” улс төрийн суултад оролцож буй иргэд баасан гарагийн 18.30 цагаас эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд одоогоор 12 иргэн нэгдээд буй юм. Иргэд УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн даруйд өлсгөлөнгөө зогсооно хэмээн мэдэгдсэн. УИХ-ын даргыг үүргт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг байнгын хороо болон чуулганаар маргааш буюу энэ сарын 29-нд эцэслэн шийдвэрлэх тул өлсгөлөнгөө түр зогсоохыг уриалж байна хэмээн Л.Болд гишүүн мэдээлэв.
Тэрбээр, "Өлсгөлөн зарлаж буй иргэдийн дотор 69 настай ахмад бий. Мөн Эрдэнэтээс ирсэн нэг ахмадын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсээр байна. Маргааш УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол бид өлсгөлөн зарлаж буй иргэдтэй нэгдэнэ. Тиймээс маргааш шийдвэр гарах хүртэл өлсгөлөнгөө зогсоохыг уриалж байна” хэмээсэн юм.
Ч.АриунболдЭх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл