|

БУЛААЖ АВСАН НЬ Х.БАТТУЛГА, БУЦААЖ АВСАН НЬ М.ЭНХБОЛД

БУЛААЖ АВСАН НЬ Х.БАТТУЛГА, БУЦААЖ АВСАН НЬ М.ЭНХБОЛД

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголдоо ирлээ” гэж сайхан ч юм шиг, саар ч юм шиг мэдээллийг олон нийтэд түгээсэн. Энэ мөчөөс хойш олон үйл явдал өрнөсөн бөгөөд "Эрдэнэт” үйлдвэр тойрсон эргэлзээ газар авсаар бүтэн жилийг тойрчээ. Нэг ёсондоо "Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсны нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна гэвэл илүү оновчтой болно. Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын төрийн өмчит "Ростех” компанийн мэдэлд байсан Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь учир битүүлэг шалтгаанаар, УИХ-ын хараан дороос нууцаар төрд биш, "Монголын зэс” корпорацид шилжсэн байдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ ёсоор аль нэг тал нь хувиа зарах бол нөгөөдөө санал болгох учиртай ч гуравдагч этгээд болох "Монголын зэс” 49 хувийг 400 гаруй сая ам.доллараар шууд худалдан авсан баримт одоо ч хуучраагүй байна. Эндээс л яагаад, яагаад, яагаад гэсэн олон асуулт зүй ёсоор ургаж эхэлсэн билээ.

Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг, монголчуудын "саалийн ганц үнээ” болсон "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрх Засгийн газарт уг нь байсан юм. 2011 онд 505 тэрбум, 2016 онд 404 тэрбум, 2013 онд 508 тэрбум төгрөг татварт төлж байсан "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж авах боломжоосоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар яагаад татгалзав. Энэ тухай мэдээллийг УИХ-д ч оруулалгүй шууд л дур мэдэн 49 хувийг төрд авахаас татгалзсан бодит шалтгаан юу байв?

Маш нарийн, олон жил төлөвлөсөн процесс энэ хооронд өрнөсөн бөгөөд ердөө л Худалдаа хөгжлийн банкны эзэн "Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, түүний хамсаатнууд болох "Женко” Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарт 49 хувийг өгөхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажилласан нь ил болж, Ш.Раднаасэдээр ахлуулсан УИХ-ын шалгалтын ажлын хэсэг 49 хувийг луйвардаж авсныг дүгнэлтээр тогтоосон юм. Иймээс ч хууль зөрчсөн, магадгүй улсын мөнгөөр "Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрийн болгосон байж болзошгүй маш нарийн төлөвлөгөөг илрүүлж, 49 хувийг төрд буцааж авах шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аас гаргасан билээ. "Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсны нэг жилийн ойн дээр "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авсан 2017 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн санацгаая.

Ш.Раднаасэд:- Өмнөх Засгийн газрын эрх баригчид хариуцлага хүлээх ёстой. Үүний цаана хуйвалдаан байна. Энэ бол хууль зөрчсөн тухай биш, гэмт хэргийн асуудал явж байгаа шүү.

Ц.Даваасүрэн:- УИХ-ын тогтоол гаргах гэж байгаад би талархаж байна. Ард түмэндээ амласнаа биелүүлдэг нам болохоо МАН харуулж байна. Энэ бол хувийн өмчид халдаж байгаа юм биш. Хууль бусаар алдсан төрийн өмчөө ард түмний мэдэлд, төрд нь буцаан өгч байгаа хэрэг. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож байна. Ардын нам амласнаа биелүүлсэн улс төрийн хүчин байж чадлаа.

Ц.Нямдорж:- Үнэндээ би энэ асуудлыг 2015 оноос сонирхож байсан. Төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсоох цаг болсон. Монгол Улс ганцхан Худалдаа хөгжлийн банктай юм биш, олон банк ажиллаж байгаа. Хувийн өмчийг булаасан юм байхгүй.

Т.Аюурсайхан:- Энэ тогтоол батлагдана гэж бодож байна. Монголын төр шударга ажиллах ёстой. Одоо ажиллаж байгаа хүмүүс буруу зүйл хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох ёстой. 49 хувийг төрд эргүүлж авахдаа "Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх ногдол ашиг, татвар хураамжийг нарийн тооцож авах ёстой.

А.Сүхбат:- Энэ УИХ-д 41 шинэ гишүүн сонгогдсон. Бид бүхэнд ямар нэг сэв, шарх сорви байхгүй. "Эрдэнэт”-ийг зарах шийдвэрт хоёрдугаар гарын үсэг зурсан хүн Д.Эрдэнэбат энд сууж байна. Энэ бол завхрал гэж би хэлмээр байна. Ч.Сайханбилэг Дубайн гэрээ хийж байхад, "Эрдэнэт”-ийг худалдах гэрээнд гарын үсэг зурж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар юу харж байсан юм бэ?

Б.Бат-Эрдэнэ:- "Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой гарсан асуудлыг харахад 2-3 жилийн өмнөөс их зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэж харагдахаар байгаа юм. Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийг эзэнгүй болгож байгаад хийсэн ажил гэж харагдаж байна. Юмыг бага дээр нь хариуцлага тооцож, таслан зогсоож чадсан бол асуудал ингэж даамжрахгүй байсан. Ч.Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийгээд ирэхэд нь бидний хэсэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. АН-ынхан олонхиороо асуудлыг шийдсэн. 

Ж.Батзандан:- "Эрдэнэт”-ийн 49 хувь, Асгатын мөнгөний орд зэрэг олон асуудлыг УИХ-д нээлттэй хэлэлцэж байгаад талархаж байна. Хулгайтай тэмцэхэд намчирхах хэрэггүй. Ажлын хэсэг "Эрдэнэт”-ийн хувьчлал Монгол Улсын 10 гаруй хуулийг зөрчсөнийг тодорхой болгосон. Энэ Ажлын хэсэгт орсныхоо төлөө намын бүлгийнхэндээ олон өдөр баалуулсан, доромжлуулсан.

Бүгд л хулгайн замаар хувьд шилжсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авахыг дэмжсэн юм. Тэр тусмаа УИХ-ын дарга М.Энхболд алх цохиж баталгаажуулж, "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрд шилжсэн гэдгийг баталгаажуулж байлаа. Харин цөөхөн хүн (АН-ынхан) эсэргүүцэж байсны нэг нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан билээ. Тэрбээр "51 нь 51 шиг, 49 нь 49 шиг байх ёстой..."Эрдэнэт” үйлдвэр саалийн үнээ байсан үе бий, одоо эмчилгээ тэжээлийн цех рүү явах болсон” гээд хувийн өмчид халдаж болохгүй тухай хэлж, ярьж байв.

Эндээс л "Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан гурвалжингийн гурван тал тодорхой болсон гэх. Ц.Элбэгдорж нэгэнтээ "Женко” Х.Баттулгыг "Миний амин найз” гэж тодорхойлж байсан бол "Сахал” хочит Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг Х.Баттулгын компанид жолоочоор ажиллаж байсан түүний гарын хүн гэгддэг юм билээ. Тиймээс л энэ гурав "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд өгөлгүйгээр шууд авах схемийг зурсан байх магадлалтай байдаг. Одоо ч энэ байдал үргэлжилж Ерөнхийлөгчийн шууд томилдог шүүх засаглалынхан "Эрдэнэт” тойрсон асуудлыг Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байна гэсэн хардлага явж байгаа юм билээ. Энэ үнэн бол Ц.Элбэгдоржийн орыг залгаж Ерөнхийлөгч болох ёстой хүн нь Д.Эрдэнэбилэгийн талынхан байх амин шаардлага бий болжээ. "Женко” Х.Баттулга ямарч үнээр хамаагүй Ерөнхийлөгч болох гэж улайрч байгаагийн цаад шалтгаан нь ч "Эрдэнэт” байх магадлалтай. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга "Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмнээс булааж авсан бол, М.Энхболд төрд буцааж авсан хүн. Одоо тэгвэл Та өөртөө "Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгч болбол төрд шилжсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийг яах бол?” гэсэн асуултыг тавиад үз дээ.

Бүх юм буцаад л буруу гараар орох магадлалтай. Яагаад гэвэл "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авсан нь зөв шийдвэр байсан нь цаг хугацаагаар батлагдчихсан үнэн. Хэрэв 49 хувийг төрийн мэдэлд аваагүй бол Монгол Улсын төсвийг бүрдүүлж ирсэн "саалийн үнээ” гэгддэг тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх орлого эрс буурах байлаа. "Эрдэнэт” үйлдвэрээс нийт монголчуудын хүртэх ашиг буурч, хувийн компанийн хэдхэн хүний хүртэх ашиг л нэмэгдэх байсан нь үнэн. Энэ нь ч эхнээсээ баримтаар нотлогдсон. Худалдаа хөгжлийн банкны охин компани болох "Монгол зэс” корпораци 2016 оны зургадугаар сард 49 хувийг худалдаж авснаас хойш "Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх орлого нь эрс буурсан байдаг. Улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрөх ёстой байсан мөнгө хаашаа орсон нь ч тодорхой болсон. Худалдаа хөгжлийн банкны Концессийн гэрээгээр эзэмшиж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү худалдан авалт нэрээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг нь баримтаар тогтоогдсон. Мөн өнгөрсөн оны зургадугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацаанд "Эрдэнэт” үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6, 2012 оны ногдол ашиг 47.1 сая ам.долларыг "Монголын зэс” корпораци өөртөө шилжүүлж авсан нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд багтсан юм. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт” үйлдвэрийг төрд аваагүй бол саалийн ганц үнээгээ сааж ашгийг нь хүртэхгүйгээр тугалтай нь нийлүүлээд туусантан адил зүйл болох байлаа.

 http://olloo.mn/n/43771.html
Эх сурвалж: Х.Тэргэл
Оллоо.мн


1 сэтгэгдэл