Намрын хамгийн халуун өдрүүдийн нэг өнөөдөр болж өнгөрөх ёстой. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Үүнээс урьтаж Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилнэ. Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 18.00 цагаас эхэлсэн ч нэр дэвшигчийг эцсийн байдлаар тодруулж чадалгүй түр завсарласан. Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвших эрхмүүдийн нэрсийг урьдчилж тогтоно. Ингээд өнөөдөр үдээс хойш МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эцсийн байдлаар шийдэх юм. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн нэр дэвшигчийг бага хурал дээр шууд сонгохгүй болов уу гэсэн таамагийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, Удирдах зөвлөлөөс үлдсэн зарим нэрсийг танхимаас зүтгүүлж өрсөлдүүлнэ.
Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшихээ зарласан ганц хүн нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Бусад эрхмийн нэрийг албан бусаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Ө.Энхтүвшин гишүүний хувьд таван удаа УИХ-д сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчин гэгддэг. Мөн тэрбээр Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын дарга гээд төрийн болон улс төрийн ажилд туршлагатай. Хамгийн гол нь намаа хамгийн хүнд хэцүү үед нь хүлээн авч, барьцаа олохтойгоо болоход хүссэн цагт нь "татлаа түлхээгүй” хүлээлгэн өгч сурснаараа МАН-ынхны олон жил элэг барьсан үнэнч зарц нь гэж хэлж болно. Олон ч эгзэгтэй цагт намаа аварсан ч шагнал урамшил горьддоггүй нь сайхан. Тиймээс ч одоогоор хамгийн гол өрсөлдөгчөөр тодроод байгаа У.Хүрэлсүх өөрөө хүртэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ө.Энхтүвшин дээр гүйж очиж гуйж байж ажлаа өгчихөөд Австрали руу арилаад өгсөн байдаг юм.
Харин одоо У.Хүрэлсүх өөрөө Ө.Энхтүвшинтэй өрсөлдөх аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын даргынхаа эсрэг, намын нөхдийнхөө эсрэг ажилласан гэх нэр зүүгээд буй У.Хүрэлсүх энэ удаад 34 гишүүнээс бус 300 гишүүнээс дэмжлэг авч байж Ерөнхий сайд болох ёстой.
Эдгээрээс гадна шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Н.Энхболд нарыг заалнаас нэр дэвшиж магадгүй гэж таамаглацгааж байна. Ингээд өнөөдөр хуралдах МАН-ын хурлуудаас улс орны болон улс төрийн ойрын нөхцөл байдлууд тодорхой болох учиртай. Харин хэнийг дараагийн буюу 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, томилохоос энэ намын нэр хүнд төдийгүй улс орны хувь заяа ихээхэн шалтгаална. Бага хурлаас тогтсон нэрийг намын бүлэг болон байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилно. Үүний дараагаар шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ажилд шуурхайлж, хүлээлт үүсгээд буй Засгийн газар бүрэлдэн тогтох юм. Ямартай энэ бүх үйл явц өнөөдрийн хурлуудаас ихээхэн хамаарна.
Одоо л улс төрийн үйл явц гацаанаас гарч, гаднынханд үлдсэн хугацаанд тогтвортой ажиллах Засгийн газар маань энэ гэж үзүүлэх эрх бүхий институцитай болох нь. Тэгэхгүй бол худалдаа, харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын цусны эргэлт зогсчихоод хүлээлтийн байдалд орчихоод байна.
http://www.zaluu.com/read/1888a725g
205 сэтгэгдэл