Энэ долоо хоногт Монголын улс төрийн түүхэнд бичигдэн үлдэхээр хэд хэдэн чухал, мөн олныг хамарсан үйл явдалууд болж өнгөрлөө.
Ингээд олны анхаарлын төвд болж өнгөрсөн хэд хэдэн үйл явдлыг тоймлон хүргэе!
"Манан”-гийн эсрэг улс төрийн суулттай 50 мянган иргэний жагсаал боллоо
Энэ долоо хоногт болж өнгөрсөн нэг том үйл явдал бол "Манан”-гийн эсрэг ард түмний жагсаал байлаа. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын төв талбайд 50 мянган иргэн жагссан байна. Жагсагчид УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа буухыг, МАНАН бүлэглэлийг Монголын төрөөс арилгахыг шаардсан юм. Ингээд жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдод шаардлагаа хүргүүлсэн ч зөрүүлээд М.Энхболд гурван хуудас тайлбар өгсөн байна. Гэвч жагсаал зохион байгуулагчид хүлээж аваагүй гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл УИХ-ын даргыг суудлаасаа огцортол улс төрийн суулт хийнэ хэмээн "Чингисийн талбай”-д 34 гэр барилаа.
УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ
УИХ-ын даргыг албан тушаалаас нь буулгах ард түмний жагсаалыг хоёр ч удаа хийсэн. Гэвч М.Энхболд өнөөдрийг хүртэл албан тушаалаасаа буухгүй, хуулийн хүрээнд асуудлыг шийднэ хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Тэгвэл МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барисан. Хэрэв энэ хүүлийг УИХ-аар хэлэлцэж батах аваас УИХ-ын даргыг суудлаас нь чөлөөлөх боломжтой болох юм. Гэвч уг асуудлаар УИХ хуралдаагүй өнөөдрийг хүрлээ. Харин МАНАН-гийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлсэн УИХ-ын таван гишүүн УИХ-ыг тараах гарын үсгийн цуглуулж эхэлсэн.
Д.Дорлигжавыг баривчлав
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мягмар гарагын үүрээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Шалтгаан нь гэвэл Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ий "Голомт" банк дахь дансаар Т.Ганболдын "Эн Ар Ай”, "Пайонеринг интернешил "компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөн нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар татан мөн л нэг сарын хугацаанд цагдан хорихоор болсон. Тодруулбал,
Д.Дорлигжавын төрсөн дүү болох Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө "Рекат Монголиа " ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын "Эн Ар Ай”, "Пайонеринг интернешил "ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон бол Чангаа овогтой Бямбаа нь Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран уг хахуулын хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдлоо.
ЖДҮ-чин дөрвөн гишүүнээ УИХ хамгаалж үлдлээ
Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барисан.
Уг асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзсэн юм. Үүний дараа Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус тус хэлэлцэж мөн л дэмжигдээгүй. Ингээд эцэст нь УИХ-аар хэлэлцсэн боловч гишүүдийн олонх нь дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо
Бүтэн сар гаруй хугацаанд хуралдаагүй УИХ энэ долоо хоногийн сүүлээр нэг юм ирц нь бүрдэн хуралдаж эхэлсэн. Тэгвэл энэ долоо хоногийн хурлаар удтал хүлээгдээд байсан ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох нь зүйтэй гэсэн саналын дагуу санал хураалт явуулж 55 гишүүний 52 нь буюу 94.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Тоймлосон:М.Март
7 сэтгэгдэл