Дэлхий нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ гэх Change.org-т манай улсын иргэд Улаанбаатар хотын агаарын бохирдол болон утааны асуудалд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг анхаарлаа хандуулахыг хүссэн гарын үсгийг өчигдрөөс цуглуулж эхэлжээ. Энэхүү платформ нь аливаа улсын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, эрх баригчдын анхаарал, сонорт хүргэж, шийдлийг бий болгохын тулд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулдаг юм. Тус платформд дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг хүссэн 260 гаруй сая хүн хандсан ба үүний 31,591 хүн амжилтад хүрч байжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад туслалцаа үзүүлэхийг НҮБ-д хүссэн энэхүү аяныг иргэн Б.Бат-Энх эхлүүлсэн байна. Тэрбээр захидалдаа "Жил бүрийн өвлийн улиралд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхий нүүрснээс гарч буй утаа, униаранд бүрхэгдэж байна. Утаа, агаарын бохирдлын асуудал нь тээврийн хэрэгслийн тооноос болж буй асуудал биш юм. Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэд өнөөдөр цэвэр агаараар амьсгалах эрхээ алдаад байна. Үүнийг бид жилээс жилд асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн хийж буй хүний эрхийн эсрэг хүчирхийлэл бөгөөд ноцтой зөрчил хэмээн харж байна” гэжээ.
М.АМАРЖАРГАЛ
14 сэтгэгдэл