Арваннэгдүгээр сар гарч хүйтний эрч эрс чангарснаар манай орны ихэнх гол мөрөн мөстөж,зарим гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтийн нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид мөсний зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ч одоогоор мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул иргэд зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Голын ус бүрэн хөлдсөн ч урсац, нуурын толио зэргээс үүдэн мөсний зузаан янз бүр байдаг учир цөмрөх эрсдэлтэй байдаг аж. Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Ховд, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймгуудад мөс цөмөрч, хүн нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ.
0 сэтгэгдэл