Архангай /МОНЦАМЭ/ Архангай аймаг 11-р сарын 30-нд ИТ-ийн хурлаа хийж, аймгийн төсвөө батлаад байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.
-Архангай аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан саяхан болж, аймгийн 2019 оны төсвийг баталсан. Төсвийн онцлог юу вэ?
-Бид 11-р сарын 30-нд аймгийн иргэдийн хурлаа хийж, аймгийн төсвөө ярилцаад, хийж хэрэгжүүлэх ажил, үндсэн чиглэлээ баталлаа. 2019 оны төсөвт орон нутгийн хөгжлийн санд таван тэрбум гаруй төгрөг ирж байгаа. Үүнээс 2.9 тэрбум нь аймагт зарцуулагдахаар, хоёр тэрбум нь сумдад зарцуулагдахаар шийдэгдээд ирсэн. Дээрээс нь энэ жилийн манай төсвийн давж байгаа орлого одоогийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ тэрбум гурван зуу орчим сая төгрөг байна. Үүний ихэнх нь сумдад байгаа. Сумдын давсан орлогыг сумдад нь үлдээж, зарцуулах эрхийг нь өгч байгаа. Дээрээс нь орон нутгийн хөгжлийн сангаар сумдад хуваарилагдах төсөв нэмэгдсэн байгаа. Тэгэхээр сумд ирэх жил тулгамдаад байгаа асуудлаа шийдээд явчих байх аа.
-Өөрөөр хэлбэл урам дээр нь урам нэмээд, орлого хуримтлуулахад эзэндээ шингэдэг юм байна гэх сэдэл өгч байнаа даа?
-Тийм. Ер нь бид сум орон нутаг өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг, аймаг өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг байх эрх мэдэлтэй байлгах бодлого барьж байна. Тэр хэмжээгээр өөрийнх нь сахилга хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудал гэхэд л нөгөө намын нөхдүүд зарим нь гайхаж байна шүү дээ. Өмнө нь газар гэхээр л хичнээн цаг маргадаг байсан, харин одоо ямар ч асуудалгүй явчихаж байна гээд л... Яагаад гэвэл сум өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэж байгаа. Тэрийг нь бид дэмжээд шийдчихнэ. Тэрнээс гарах эрсдэл, хариуцлагаа сум өөрөө хариуцна. Тэгэхээр дор бүрнээ өөрөө өөрийнхөө асуудлыг шийддэг, цаашдаа сум орон нутгаа яаж авч явах вэ гэдгээ дор бүрнээ шийдээд явах юм бол эргээд асуудал багатай. Бидний зүгээс давсан орлогыг нь шийдээд өгчихье. Ингэх юм бол сумын удирдлагууд ч хийх зүйлээ өөрийн эрх мэдлийн хүрээнд хийх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэ жилийн төсвийн бас нэг гол онцлог нь "Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг” болно гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд нэлээд зүйлийг өнгөрсөн жилүүдэд шийдлээ. Энэнээс гадна "Өрх бүр үйлдвэрлэгч” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь өрхийн ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүй гэсэн судалгаа аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт байдаггүй юм байна. Тиймээс энэ чиглэлийн судалгаа авахад зориулсан программ хийлгэсэн. Одоогийн байдлаар 18 мянган өрхөө мэдээллийн санд багтаачихаад явж байна. Энэ мэдээллийн сангаас хөдөлмөрийн насны хичнээн хүн байна вэ, тэтгэвэрт гарсан, группт орсон хүн байна уу, хөдөлмөрийн насны хичнээн хүн байна, мэдлэг боловсрол нь ямар төвшинд байна вэ, ямар ажил хийж, орлого олох боломжтой байна вэ, ямар ажлын байранд байвал зохих юм гээд бүх л талын мэдээлэл нь нийт өрхийн 80 гаруй хувь нь гараад ирэх юм. Мужаан байлаа гэхэд л түүхий эдээр нь хангаад өгчихвөл тэр хүн өөрөө ажлын байраа шийдээд, өрхдөө орлого нэмээд явчих жишээтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалтын чиглэлээр, бүтээн байгуулалтын чиглэлээр явагдаж байгаа ажилд энэ хүмүүсээ хамруулна. "За танайд тийм мэргэжлийн төчнөөн хүн байна, энэ ажилд хамрагдах боломж бололцоо юу байна” хэмээн хүндээ хүрээд байвал энэ маань илүү үр дүнтэй болох юм. Массын түвшинд "тэгж байна ингэж байна” гэхээсээ илүү нарийвчилж энэ асуудлыг шийдье гээд хөтөлбөр баталсан. Ирэх онд энэ хөтөлбөр дээрээ тодорхой хэмжээний санхүүжилт тавиад ажиллана. Тухайлбал, хүлэмжийн цогц аж ахуйг бий болгох хүрээнд эхлээд 50 хүлэмжтэй болъё. Эхний ээлжинд хүлэмж болон усалгааны асуудлыг шийдэж өгөхөөр төлөвлөөд байна. Яамтай гэрээ байгуулсан байгаа. Он гаргаад авна. Хүлэмжинд тарьсан ногоог нь савладаг цехийг нь хүртэл аваад өгье гэсэн. Нэг хүлэмжинд хоёр хүн ажиллана гэхээр 100 хүн ажлын байртай болчихно. Энэ тарьсан ногоогоо бид өөрсдөө хэрэглэж, эргээгээд хөрөнгө оруулалт хийдэг ийм зүйлийг эхлүүлэхээр ажиллаж байна.
-Ирэх онд улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалт юу вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээдгүй зүйлийг төлөвлөсөн. УИХ-ын гишүүд маань тойрогтоо чамгүй олон зүйлийг шийдэж байгаа. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд. Сумдад маань их олон жил болсон барилга байшингаасаа эхлээд асуудал их байна. Энэ асуудлыг энэ дөрвөн жилийн хугацаанд гишүүд маань сайн шийдэж өглөө. Ялангуяа соёлын төвүүдийг сүүлийн жилүүдэд хаясан байсан. Бид ямартаа ч таван соёлын төв шинээр барилаа. Орон нутгийн төсвөөс Булган уулыг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Ирэх онд ч мөн хийгдэнэ. Энэ ажил дуусвал хайрхан шүтээний маань өнгө сэргэж, аятайхан болох юм. Дээр нь ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлээд, түүндээ хөрөнгө хүч гаргаад явж байна.
-Аялал жуулчлалаа хөгжүүлж чадвал эргээд мөнгөний их урсгал ороод ирнэ дээ?
-Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Тиймдээ ч аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагаа одооноос л нэг жигдрэх төлөвтэй. Учир нь тодорхой цаг хугацаа, хөдөлмөр хүч шаарддаг ажил байна. Аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах санал тавьж байгаа газрууд байна. БНСУ-ын консул ирээд явсан. "Архангай бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүхий сайхан газар байдаг юм байна. Тэгэхээр энэ чиглэлд хамтарч ажиллая” гэсэн. Жилд нийтдээ найман мянган Солонгос жуулчид ирдэг юм байна. 2000 орчим нь манай аймагт ирсэн гэх мэдээлэл байна. Гурав хоногоор ирээд юу үзэж болох вэ, тав хоногоор ирвэл яах вэ, соёлын, зан заншлын аялал жуулчлалаа хөгжүүлээд жуулчдыг татах боломж юу байна вэ. Энэ мэтчлэн хоёр талаасаа хамтран ажиллахаар болсон. Дээр нь Солонгосын 17 мужаас хоёр нь их сайн ажилладаг юм байна. Чэжү, Каванду муж хоёр. Аль нэг мужтай нь холбож өгье гэсэн.
-Намар ургацын өдрүүд болоход зарим нь ургацаа багтааж чадахгүй бараг л малд өгөхөөр болоод л, хавар болохоор ногоогоо хадгалж чадаагүйгээс болоод юу ч үгүй сууж байдаг?
-Хөдөө аж ахуйн яамтай яриад зоорины аж ахуйг шийдвэрлэсэн. Томоохон хэмжээний хүчин чадал өндөртэй зоорь бий болгоно. Ингэснээр аймгийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхэлдэг иргэд маань тэнд ногоогоо хадгалах боломжтой болж байгаа юм. "Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үг байдаг даа. Савгүй болоод ирэхээр л ногоогоо тэр дор нь зардаг, үнэгүйдүүлдэг, хөлдөөдөг гээд олон бэрхшээл байдаг байсан. Одоо бид өвлийн турш өөрсдийнхөө тарьсан ногоог хэрэглээд байх, сургууль, цэцэрлэгүүдэд ч хэрэглүүлээд байх нөхцөлийг бүрдүүлье гэж зорьсон.
-Та мал зүйч мэргэжилтэй хүн. Энэ чиглэлээр хийгдэх томоохон ажлууд юу байна вэ. Тэр дундаа малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр?
-Манай аймгийн гол салбар бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй. Өнөөдөр Архангай аймаг таван сая гаруй толгой малтай болжээ. Одоо яалт ч үгүй малын тоонд бус чанарт анхаарах цаг ирлээ. Үржлийн бодлогыг тодорхой хэмжээнд төвлөрүүлж авах хэрэгтэй болж. Үржлийн биотехнологийн нэгжүүдийг байгуулах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энд санал санаачилга гаргаад явж байгаа хүмүүсийг яамны зээл тусламжид хамруулах зэргээр дэмжиж ажиллаж байна. Энэ оны байдлаар есөн үржлийн нэгжийг бий болголоо. Үйл ажиллагаа нь жигдэрч байна. Мөн бид ХААИС-тай хамтран ажиллаж байна. ХААИС "Ногоон алт” хөтөлбөртэй хамтраад хоёр үржлийн нэгжийг Ихтамир сумын Бугат, Хөхнуур багт байгууллаа. 1000 гаруй богт зохиомол хээлтүүлэг хийсэн. Дээр нь иргэд маань энэ чиглэлээр их санаачилгатай ажиллаж байгаа. Түүнийг нь бид мэргэжлийн үүднээс дэмжиж өгч байна. Энэ жил махны үнэ харьцангуй гайгүй байна. Манай улс гадаад зах зээлд мах гаргаж байгаа. Малчдын маань орлого нэмэгдэж, амьжиргаа дээшилж байна. Махны чиглэлээр малаа өсгөвөл, 300 эм хоньтой байхад л мянгатын дайны орлого олох жишээтэй. Энэ ч үүднээс мэдээ мэдээллийг малчдадаа хүргэх ажилд анхаарч байна. 2018 онд малчдын зөвлөлгөөнийг дөрвөн бүсэд зохион байгууллаа. Нийтдээ 1300 гаруй малчид оролцсон. Зөвлөлгөөн дээр энэ зүйлийг ярьсан. Ирэх онд ч энэ ажил хийгдээд явна.
0 сэтгэгдэл