|

АТГ: Одоогийн байдлаар 84 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн

АТГ: Одоогийн байдлаар 84 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. Энэ өдрийг угтан АТГ-аас өнгөрсөн хоёр жилд хийсэн үйл ажиллагаанынхаа талаар мэдээллээ.

 

Тухайлбал, АТГ 2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэргийг шийдвэрлүүлж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.

Үүнд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,  Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,   Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо, Баянгол дүүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,  ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.

Авлигатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа  нь орон нутагт хийгдэх ажиллагаа нэлээд байдаг төдийгүй нутаг дэвсгэрийн харъяалалтай эрүүгийн хэргүүдэд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага гардаг. Гэвч Авлигатай тэмцэх газрын одоогийн бүтцээр аймгуудад салбар, нэгж байдаггүй,  авлига, албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс шалгах хүрээ болон онцлогоос шалтгаалан санхүүгийн болон шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийх, гадаад улс орнуудад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ажиллагаа явуулах, зарим хэргийн хамрах хүрээ нэмэгдэх, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн авлигын эсрэг гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон зэрэг ачаалал бодитой нэмэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байна.

АТГ өнөөдрийн байдлаар 4 улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын 24 байгууллагатай санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр байнга хамтран ажиллаж байна. Мөрдөн шалгах хэлтсээс сүүлийн 2 жилийн байдлаар Эрх зүйн харилцан туслалцаа хүсэх мөрдөгчийн даалгаврыг 28 удаа бичиж 12 улсад хүргүүлж хариуг авч ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ

0 сэтгэгдэл