Төв Азийн элгэн дээрх эртний түүхт Монгол улсад өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн наран жаргах тэр орой Цагаан сарын Битүүн эхэлдэг. Дорнын үндэстний давтагдашгүй содон уламжлал бүхий аж амьдралтай монголчуудын хувьд өвлийн адаг сарын сүүлийн өдөр тун ч чухал юм.
Яг энэ торгон мөчид Монгол улсын өнцөг булан бүрт, айл бүрийн гэрт Хаврын баяр буюу Цагаан сарыг угтах их ажил ид буцалж байдаг. Сар жилийн уртад уулзаагүй садан төрлүүд төрөлх гэртээ цугларч, идээ ундаагаа бэлтгэж, цахилгаан зуухнаас ялгарах дулаантай хамт хүний сэтгэлийн халуун илч гэрээр дүүрэн түгнэ. Өвлийн нарны илчгүйхэн туяан дор, хөр цасан хөнжилдөө нойрсох мэт аниргүйхэн дүнсийх Монголын тал нутгийг сэрээж мандах маргаашийн нар хаврын сар ирснийг зарлах болно.
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учраас оны отгон шөнийг монголчууд "битүүн” хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болно хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Монголчууд хүнээс мөнгө болон хэрэгтэй эд зүйлсээ зээлэх, өр тавихыг ихэд цээрлэдэг. Тэд "Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээн ярьдаг. Монгол хүн бусдад өгөх дуртай, харин бусдаас авах дургүй. Энэ нь амьдралд тохиолддог хүнд бэрх зовлонг өөрсдийн сэтгэлийн тэнхээ, нөөц боломжоороо давж ирсэн нүүдэлчдийн сэтгэхүйн онцлог юм.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Буддын мянган бурханы нэг Лхам бурхан энэ үдэш шар халзан луусаа хүлэглэн дэлхий ертөнцийг нүд ирмэхийн зуурт тойрч айл бүрийн гэр доторхыг халиадаг тухай дорнын домогт Монголчуудын өвөг дээдэс итгэж ирсэн бөгөөд дээрх зан үйл нь энэхүү домогтой холбоотой. Тотгон дээрх мөс нь Лхам бурханы хүлэглэж яваа луусны цангааг тайлахад зориулагджээ.
Мөн орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд лам нар сүсэгтэн олонд зориулан "Балин адислах ёслол” хийж "Цэдэрхлан” номыг шөнөжин уншдаг. Балин гэдэг нь хуурч болгосон арвайн гурилаар хийж бурхны өмнө тавих суварган, гурвалжин цац хэлбэртэй өргөлийн идээ юм. Балин өргөснөөр гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүгд амирлуулж нас буян хайрлана гэлцдэг. Балин урлал нь шашны томоохон зан үйл төдийгүй, судлаач эрдэмтдийн томоохон судлагдахуун, соёлын өв юм. Харин "Цэдэрлхам” гэдэг нь дээр дурдсан зовлон гамшгийг зайлуулах бурхны ном билээ. Энэ жил ч мөн үйл давтагдана.
Битүүний өдрийн бүхий л зан үйлүүд нь ирж буй оноо угтсан гэрэл гэгээтэй, өөдрөг үзлээр дүүрэн байдаг. Урьд эртний бүх таагүй дурсамжууд хуучин онтойгоо хамт ард үлдэн битүүмжлэгдэж, гарч байгаа онд сэтгэл хангалуун, элбэг дэлбэг амьдралын үүд нээгдэнэ хэмээн билэгшээдэг.Битүүний үдэш Монголчууд цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс буурлуудаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэр дээр суулгаж, ширээгээ засан айл хотлоороо цугларан билэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг хоорондоо хөөрөлдөн, ахмадууд үр хүүхэддээ үлгэр, туульс ярьж өгдөг. Найр наадмын үеэртухайн айлын өрхийн тэргүүн, ахмад буурлууд гэрийн хойморт тухалцгаадаг. Ингээд хүрэлцэн ирсэн ахмад зочдыг дээш нь хүндэтгэн суулгадаг.
Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг. Учир нь бор идээ өнгөрсөн болон эрээн бараан үйлийн эцэс төгсгөлийг төлөөлдөг, харин цагаан идээ нь шинэ ондоо бүхнийг шинээр, цэвэр ариунаар эхлэхийн билэгдэл болдог байна. Бор идээнд бүхэл мах, битүү хоол буюу бууз, банш, шимийн архи ордог.Цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулууг, таваар өрдөг нь таван бие махбодийг бэлгэдэж байгаа ажээ. Мөн жаргал зовлон жаргал гэхчилэн жаргалаар эхлүүлж жаргалаар төгсгөх бэлгэдэл ч гэдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад "Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэй холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс "явах” гэсэн үйлдэл буюу "урагшлах” гэсэн билэгдлийг агуулж "ул боов” гэж нэрлэдэг байна.
Цагаан сарын ширээнд таваглах мах нь хонины толгой, ууц, сээр, богтос байж болох бөгөөд эсвэл үхрийн өвчүү, шаант болон хавиргууд байдаг. Монгол Улс эртнээс уламжилж ирсэн бэлчээрийн мал аж ахуйтайгаа 21-р зууны босгыг алхсан цорын ганц орон юм. 1,566,600 ам дөрвөлжин километр нутагтай гурван сая гаруйхан хүн амтай энэ оронд мал нь онгон байгальдаа, химийн хольцгүй оргинал өвч ногоогоор хооллосоор байгаа тул монгол малын мах маш амттай, мөн хониных нь сүүл их том, шим тэжээл дүүрэн байдаг юм. Монголчууд одоо ч өлгийтэй нялхастаа хонины сүүл хөхүүлж өсгөдөг. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өвчин эсэргүүцэх дархлаа сайтай болдог гэж тэд ярьдаг. Үнэхээр ч монголчууд өнөөдөр "хөгжил дэвшлийн өвчин” хэмээн нэрлэгдэж байгаа харшил болон амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь нэн ховор, эрүүл чийрэг хүмүүс билээ.
Иймээс битүүний өдөр монголчууд Цагаан сараар монгол хониныхоо ууцыг таваглах нь нэн элбэг. Монголд нийт 800 гаруй өрх айл бий. Цагаан сараар өрх бүр нэг бүтэн хонины мах таваглаж, мөн нэг хониор бууз, банш гэх мэтийн битүү хоолоо бэлтгэдэг. Энэ жишгээр тооцвол жил бүр хоёр сая орчим хонь зөвхөн Монголчуудын Цагаан сарын баярын идээ шүүсэнд зарцуулагддаг байна. Энэ нь Монголын мөнгөн дэвсгэртээр бол нийт 160 гаруй сая төгрөг. Гэвч энэ бол 60 гаруй сая толгой малтай Монголчуудын хувьд сүйдтэй зарлага биш. Цагаан сараар идэж уухдаа гол нь биш итгэл сэтгэлээ хуваалцахад л энэхүү баярын гол утга учир оршдог гэж тэд ярьдаг. Хариг хатуу өвлийг өнтэй давж урин дулаан цагтай золгож буй энэ үе бол эрс тэс уур амьсгалтай Монгол орны ард иргэдийн хувьд хамгийн аз жаргалтай үе юм. Тиймээс Хаврыг угтах баяртаа тэд гар татдаггүй, харин ч шинэ оноо аль болох элбэг дэлбэг угтахыг хичээдэг ажээ. Битүүний зоог шүүсийг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Айраг сархдыг монголчууд өндөр настандаа идээний дээж болгон ёслон хүндэтгэн барьдаг байсан бөгөөд "40 хүрч дөнгөж амс”гэдэг үг байдаг тул 40-өөс доош насныхан сархад хэрэглэдэггүй, ах зах хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг сайхан уламжлалтай.
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, билэг дэмбэрэлгүй муу үг хэлэх, хувцсаа гадаа хонуулах, идээ ундааны савыг хоосон байлгах, өөрөө өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.
Б.Занданхүү MONTSAME
17 сэтгэгдэл