Цагаан сар өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн, монгол үндэстний төрт ёсны хамгийн том баяр билээ. Тэртээ 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаас хойш хаврын эхэн сард тэмдэглэдэг уламжлал тогтож эдүгээг хүргэжээ.
Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Тиймдээ ч монголчууд цагаан сараа элбэг дэлбэг угтахыг хүсдэг.
Тэгэхдээ сүүлийн жилүүдэд нүүрлэж буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасаж, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа өнөө үед иргэд хямд төсөр үнэтэй бараа бүтээгдэхүүн рүү шуурах нь мэдээжийн хэрэг. Тэгэхдээ жилдээ ганц болдог үндэснийхээ баяраар хямд үнэтэй гээд чанаргүй муу бүтээгдэхүүн сонгохоос илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэгчдийн чанар сайтай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэх уриалга ч сүүлийн үед явах болсон.
Харин өнөөх дэмжих гээд байгаа үндэсний үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүний тэнгэрт хадчихна, яг энэ үеэр. Учир нь сар шинийн баяр бизнес эрхлэгчдийн ашиг орлого олдог ганц үе гэсэн шалтгаанаар л үнэ ч ёстой нэг тэнгэрт хадаж байгаа юм. Тэглээ гээд яах вэ дээ, баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэд зах, худалдааны төв, энд тэнд гарсан үзэсгэлэн худалдааг тасралтгүй зорих болов.
Нэг үеэ бодвол монголчууд гадаадын чихэр боов гэхээс илүүтэйгээр цагаан идээгээр баярын ширээгээ дүүргэж, тавгийн идээгээ засах сонирхолтой болжээ. Арга ч үгүй биз, жилдээ ганц тохиодог баяраар хүн бүр л тавгийн идээгээ өнгөлөг байлгах гэх нь аргагүй. Тиймээс ч цагаан идээний эрэлтийг ихэсгэж орхино.
Угтаа бол аль дээр үеэс л манайхан ул боовоор тавгаа засдаг байсан. Гэвч сүүлийн үед хүмүүсийн хандлага, сонирхол өөрчлөгдөж, болж өгвөл цагаан идээгээр засахыг эрмэлзэх болсон. Үүн дээр нь дөрөөлөөд л үнэ тэнгэрт хаддаг нь нууц биш. Нэг үеэ бодвол малчдыг дэмжих тал дээр маш сайн бодлого явуулж байгаа, төр засаг. Бүр жил бүрийн хавар, намар нийслэлд ирж цагаан идээгээ борлуулах боломжийг олгож, үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж буй. Нөгөө талаар ченжийн гар дамжуулалгүй, жинхэнэ ориг цагаан идээг малчдын гар дээрээс нийслэлчүүдэд хүргэх гэсэн бодлого ч явж байгаа.
Гэтэл энэ бодлого алдагдаж, ааруул гэхэд ааруул биш гурилдсан, сүү гэхэд сүү биш ус хольсон цагаан идээг иргэд дуртай, дургүй худалдан авч хэрэглэж байгаагаа үргэлж л гомдоллодог. Дээрээс нь таван кг аарцаар л тавьсан болов уу гэмээр таваг засах ааруул 150 мянган төгрөгийн үнэ хүрч байх жишээтэй.
Одоо явагдаж буй үзэсгэлэн худалдаанууд дээр тавгийн хэвтэй ааруул нэг ширхэг нь 5,000, нэг кг нь 15-20 мянга, таван үетэй, нэг үендээ таван ширхэгтэй идээ 150 мянгын үнэтэй байна. Угтаа бол таван кг аарц хамгийн үнэтэйдээ л 30 мянга болно. Сайндаа л 30 мянган төгрөгийн түүхий эдээр хийчихээд 200 мянгаар зарахаар чинь яах болж байна аа, энэ чинь. Тэгээд ч 60 сая малтай гэж хөөрдөг монгол түмэн цагаан идээгээ тэнгэрт хадсан үнээр авах чинь ариун явдал уу.
Эх сурвалж: Монголын мэдээ
2 сэтгэгдэл