Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийж, акт, албан шаардлагын зөвлөмж хүргүүлсэн. Үүний хэрэгжилтийг хоёр дахь жилдээ нээлттэй танилцуулж байгаа бөгөөд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд салбарынх нь компаниудад ямар хариуцлага тооцож, зөвлөмж өгснийг өчигдөр танилцууллаа.
Эрчим хүчний сайдын багцын хүрээнд 38 байгууллагын 2017 оны санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Уг санхүүгийн тайлангаас 28.5 тэрбум төгрөгийн алдааг залруулсан бол 51.4 тэрбум төгрөгийн алдааг залруулаагүй байна. Аудитаар 138 зөвлөмж хүргүүлж, 293.6 сая төгрөгийн төлбөрийн акт, 20.678 тэрбум төгрөгийн албан шаардлага хүргүүлжээ. Албан шаардлагын хэрэгжилт 90.5 хувьтай байгаа бол актын биелэлт 93.1 хувь буюу 273.4 сая төгрөгийн актыг төлсөн байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-Эрчим хүчний салбар том бүтэцтэй учраас аливаа асуудал гарахад сайддаа бус ТӨБЗГ-т хамаардаг байсныг өөрчилсөн байна. Тэгэхээр цаашдаа салбарт асуудал гарахад та шууд шийдэх буюу хариуцлага тооцох эрх мэдэлтэй болсон гэсэн үг үү?
-Эрчим хүчний салбарын ТӨК-иудын холбогдох гэрээг байгуулж, томилж, чөлөөлөх үүрэг ТӨБЗГ-т байсныг өнгөрсөн аравдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар өөрчилж, ТӨК-иудын хувьцааны 70 хувийг салбар яаманд шилжүүлсэн. Үүнийг дагаад ТӨК-иудын талаар бидний хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд бид компаниудын ТУЗ-д цөөнх байсан тул ямар нэгэн зөрчил дутагдал гарахад зөвлөмж л хүргүүлэх төдий байсан. Харин одоо ТУЗ-ийн 70 хувийг бүрдүүлж байгаа тул аливаа зөрчил, алдаа дутагдлыг засч залруулахад шууд шаардлага тавьж, ажиллах боломж бүрдсэн. Тиймээс аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу дутуу ажлаа гүйцээж хийнэ. Шууд хариуцлага тооцох эрх мэдэл нь нээлттэй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүдийн 70 хувийг эрчим хүчний чиглэлийнхэн бүрдүүлдэг болсон. Өнгөрсөн хугацаанд манай яам буюу сайд ямар ч эрх мэдэлгүй байсан. Харин одоо бол ТУЗ-өөс шийдвэр гаргасны дагуу тухай бүрт нь хариуцлага тооцоод арга хэмжээгээ аваад явна гэж ойлгож болно.
-Баруун аймгуудад гарсан цахилгааны доголдлыг бүрэн засч дууссан уу?
-Баруун аймгуудад болсон байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас цахилгааны тулгуур шон унасныг бүрэн засварласан. Тулгуур шугам унасан асуудал арван жилийн давтамжтай гурав дахиа болж байна. 1998 онд 20 гаруй тулгуур унасныг сар орчим хугацаанд засч сэргээсэн байдаг. Үүнээс арван жилийн дараа буюу 2008 онд хэд хэдэн тулгуур унасныг арав гаруй хоногийн хугацаанд засч байсан. Энэ удаад гурван тулгуур унасныг дөрвөн хоногт багтаан сэргээн засварласан. Улаангомд тулгуур багана унаснаас хойш 24 цагийн дотор Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаанаа авсан учраас хөлдөх аюулгүй болсон. Харин ОХУ-аас эрчим хүч авах ажил дөрвөн өдөр үргэлжилсэн.
-30-40 метр секундын хүчтэй шуурга болоход эрчим хүчний тулгуур багана унаж байна. Цаашдаа ийм хүчтэй салхи шуурга болохыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний тулгуур баганыг солих шаардлагатай болсон юм биш үү. Яамнаас хийж, хэрэгжүүлж буй ямар ажил байна вэ?
-Маш хүчтэй салхи шуурганд тулгуур багана унасан тохиолдол 2-3 удаа гарчихлаа. Тиймээс эдгээрийг сольж сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Гэхдээ маш их хэмжээний зардалтай ажил юм. Бидний авсан мэдээллээр, ОХУ-д ийм тулгуур байгаа юм билээ. Одоогоор тодорхой тооцоо судалгаа гаргаагүй байна. ОХУ-аас татсан шугам болон Улаангом, Өмнөговь сумын хооронд хоёр тусдаа газар л унаад байгаа юм. Тиймээс эхний ээлжид дээрх хоёрт зурваст тулгуур баганыг солих шаардлагатай. Цаашлаад аль хэсэгт хүчтэй салхи шуурга болохыг таах аргагүй учраас үе шаттайгаар бүгдийг нь солих шаардлагатай байна.
-УБЦТС төрийн өмчит компанийн захирлуудын зөвлөлийн дарга ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан нь тодорхой болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Яамнаас ямар хариуцлага тооцох вэ?
-Дээр дурдсанчлан яамны харьяа төрийн өмчит компаниудад болж буй асуудалд сайд шууд оролцох, хариуцлага тооцох эрх мэдэлгүй байсан. Энэ хугацаанд үүссэн асуудал учраас ТӨБЗГ энэ хүнд ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ ТӨБЗГ-ын дарга өөрөө өргөдлөө өгсөн. Хэдийгээр тогтоол шийдвэр нь гарсан ч ТУЗ манай яаманд бүрэн шилжиж ирээгүй байна. Учир нь, ТУЗ-ийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргасан, тэнд ажиллахад ашиг сонирхол байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т хандчихаад байна. Хариу ирүүлсний дараагаар ТУЗ шинэчилсэн журмаар ажиллаж эхэлнэ.
-Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний алдагдал багагүй байсан. Энэ хувь хэмжээг хэрхэн бууруулж байна вэ. Цаашдаа алдагдалгүй ажиллахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-2015 оноос хойш эрчим хүчний буюу цахилгааны үнэ тарифт зах зээлийн дагуу өөрчлөлт хийгээгүй. Энэ хооронд эрчим хүч, цахилгааны тариф өсөөгүй. Энэ нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн өмчит компаниудад сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, валютын ханш байнга хэлбэлзэж байна. Гэтэл манай компаниуд түүхий эдийнхээ нэлээд хэсгийг валютаар худалдаж авдаг. Зах зээлийн дагуу үнэ тарифт өөрчлөлт оруулахгүй байгаа нь төрийн өмчит компаниудад хүндрэлтэй нөхцөл үүсгэх буюу эрчим хүчний алдагдлыг бий болгож байна. Он гарсны дараагаар хэр хэмжээний алдагдалтай байх тухайд акт, тайлан бүрэн гарчихна. Гэхдээ мэдээж бид аль болох л хэмнэлттэй байх зорилт тавин ажиллаж байна. Он гараад эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн дагуу эргэж харах нөхцөл үүсч болзошгүй.
-Өнгөрсөн зун IV цахилгаан станцад саатал гарч, хот тэр аяараа тоггүй болсон. Та тус газрын даргыг өөрчлөх санал гаргаж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Яамны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын дагуу би тухайн үед ТӨБЗГ-т саналаа хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл тэр хүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөөгүй байна.
-Өвлийн ид хүйтэн эхэлж байна. Хот өвөлд бэлэн үү. Бүхэл бүтэн цахилгаан станц тэг зогсолт хийсэн ч дулааны улирал байсан учраас хохирол багатай өнгөрсөн. Энэ байдал давтагдахвий гэх болгоомжлол байгаа шүү дээ?
-Бэлэн байлгүй яахав. Арваннэгдүгээр сар гэхэд цахилгаан, дулаан талаас бүх бэлтгэлээ базаачихсан байх учиртай. Үүний дагуу буюу дулаан өгч эхэлсэн цагаас засвар шинэчлэлийн бүх ажил бүрэн дуусдаг. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан.
-Шөнийн тарифыг тэглэхтэй холбоотойгоор энэ жил хэчнээн төгрөг төсөвлөхөөр болсон бэ. Энэ ажил саадгүй үргэлжлэх үү?
-Тарифын хөнгөлөлтийн хүрээнд 20-иод тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо, судалгаа гарсан. Үүнийг БОАЖ-ын сайдын багцад суулгаснаар тарифын хөнгөлөлтийг явуулдаг. Бидний зүгээс тус яам руу саналаа хүргүүлсэн, дээрх үнийн дүнг баталсан гэх мэдээлэл ирүүлсэн.
-Оюутолгойд эрчим хүчний цахилгаан станц барих ажил ямар шатандаа явна вэ. Хоёр тал хэлэлцээрээ эцэслэсэн үү?
-Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто’’ групп хоорондын хэлэлцээ үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар Таван-толгойн нүүрсэнд тулгуурлаж цахилгаан станц барих төлөв гарсан. Хэлэлцээ дуусчихвал Оюутолгойн цахилгаан станцын ажлыг он гараад эхлүүлнэ. 2023 он гэхэд барьж дуусна.
М.Өнөржаргал
397 сэтгэгдэл