Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамирыг төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан үндэслэлээр яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад, хэргийг нь удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шинэ жилээр тус сангийн мөнгөөр олон хүн шагнасан гэж буруутгаж буй аж. Албаны эх сурвалжууд "Ж.Гурвантамирыг шалгаад удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа. Эрх мэдлээ хэтрүүлсэн гэж түүнийг буруутган өнгөрсөн хавраас шалгасан. Сая орон нутагт ажиллахдаа илрүүлсэн хэрэг биш” гэсэн юм.
Орон нутгийн эх сурвалжууд "Сая АТГ-ын ажлын хэсэг ирээд явахдаа "Ж.Гурвантамирыг яллагдагчаар татаад хэргийг нь шүүхэд шилжүүлэхээр болж байгаа тухай мэдээлэл өгсөн. Хэрэг нь шүүхэд шилжих гээд байгаа учраас арга саам хийхийн тулд Б гэх прокурорын эхнэр У-ыг Эрдэнэбулган сумын ЗДТГ-т нутгийн захиргааны эрхзүйч гэдэг албан тушаалд томилсон байна. Магадгүй түүнийг ажилд аваад хууль сахиулах байгууллагынхнаар хэргээ хаацайлуулах гэж оролдож байж болзошгүй” гэсэн юм. АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллахдаа аймгийн ЗДТГ-аас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл суманд багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан "Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан асуудлыг нарийвчлан шалгаж буй билээ.
Өнөөдөр сонин
0 сэтгэгдэл