|

17 албан тушаалтан АТГ-т оффшор данс, компаниа мэдүүлжээ

 17 албан тушаалтан АТГ-т оффшор данс, компаниа мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр хэвлэлийнхэнд хандан хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой болон оффшор дансаа илчилсэн эрхмүүд, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын талаарх мэдээллийг багцлан өглөө.


СЕХ-НЫ ГИШҮҮН Б.БИЛЭГТ ХӨРӨНГӨ, ОРЛОГОО САНААТАЙГААР МЭДҮҮЛЭЭГҮЙ

АТГ-ын төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон. Энэ удаад 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь өгчээ. Харин төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстойг 271 нь бүртгүүлжээ.

 

Тэдгээрээс нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөөгүй байна. Түүнд хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч хүлээн аваагүй учир хариуцлага хүлээлгэхээр болжээ. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр мэдүүлгээ бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ. Эдгээр зургаан албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох аж. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд бүртгэлтэй данс, компани эзэмшдэг бол мэдэгдэх болон мэдүүлэх үүрэг хүлээсэн. Хуульд заасны дагуу Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргасан. Энэ хугацаа 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Мөн нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, компаниа мэдүүлж, мэдэгдсэн байна. Тэдний дунд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан байна.


АЛБАН ТУШААЛТНУУДЫН УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 84 ХУВИАР ӨСЧЭЭ

Авлигатай тэмцэх газар 2017 онд төрийн албанд шинээр болон сэлгэн мөн дэвшин томилогдсон 11115 хүний урьдчилсан мэдүүлгийг хянаж, зохих хариуг тухайн төрийн байгууллагад хүргүүлж ажиллажээ. Үүнээс үзвэл 2017 онд төрийн албанд 11 мянга орчим шилжилт хөдөлгөөн хийсэн гэсэн үг. Тодруулбал, 1 сард 1000 орчим албан тушаалын томилгоо хийжээ. Зарим нэгэн мэдээллийг тоон үзүүлэлтээр харуулбал, 2017 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлсэн хэрэг 55,2 хувиар, мөрдөн шалгасан хэрэг 81,7 хувиар өсчээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ 84 хувиар өсч, мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалж, шүүхээс 7.7 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Нийтдээ 11 тэрбум, 201 сая төгрөгийг улсад буцаан төлүүлсэн байна. Эхний 2 сарын байдлаар 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэн 31 хэргийг хааж, шинээр 19 хэрэгт эрүүгийн ажиллагаа явуулжээ.


АВЛИГА БҮХИЙ Л ШАТАНД БАЙГААГ АТГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Транспэрэнси интернэшнл байгууллагаас улс орны авлигын төсөөллийн индексийг дэлхий даяар зарласан. 2017 оны авлигын индексээр 180 орны гуравны нэг нь 50-иас доош оноо авсан бол манай улсын хувьд өмнөх онтой харьцуулахад 9 шалгуур үзүүлэлтээр авч үзэхэд 5-ийнх оноо буурч, хоёрынх нь үзүүлэлт хэвээр, хоёр нь өссөн дүнтэй гарчээ. Авлигын төсөөллийн индексийг ашиг сонирхол бүхий зарим этгээд АТГ-т өгсөн үнэлгээ мэтээр ташаа мэдээлэл өгдгийг АТГ-ынхан хэлж байв. Тодруулбал, есөн шалгуур үзүүлэлт нь тухайн улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар, авлигатай тэмцэх болон засаглалын байдал зэрэг томоохон судалгаанд тулгуурлан гардаг байна. Тус газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Төрийн албан хаагчийг хууль бусаар томилдог, хууль бус төлбөр хураамж ногдуулдаг, худалдан авах ажиллагааг шударга бусаар явуулдаг, төсвийн хөрөнгийг хувьдаа ашигладаг явдал байсаар байна. Өөрөөр хэлбэл, авлига бүхий л шатанд байна. Авлигын нөхцөл байдал хүнд гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ ч үүднээсээ Засгийн газарт болон холбогдох яамдад зөвлөмж хүргүүлээд байна. Транспэрэнси интернэшнл авлигын төсөөллийн индекс ч үүнийг баталж өглөө” гэв.


ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨНИЙГ ТОГТОООСОН Ч ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААХ БОЛОМЖГҮЙ

Албан тушаалтнуудын улсад учруулсан хохирлын хэмжээг тэрбум тэрбумаар ярьж эхэлжээ. АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 58,2 хувиар өссөн нь ч үүнийг гэрчлэх аж. Гэвч хүчин төгөлдөр мөрдөж байгаа өнөөгийн хуулиар авлигын гэмт хэрэгт холбогдсон зарим хүнд хариуцлага тооцож чадахгүйд хүрээд байгаа аж. Тухайлбал, төрийн албан хаагч Ривер Гарден хотхонд 4 өрөө орон сууцыг 460 мянган ам доллар буюу 644,9 сая төгрөгөөр бэлнээр худалдан авсан хэргийг шалган хууль бусаар хөрөнгөжсөнийг тогтоосон байна. Гэвч 2015 онд эрүүгийн хэргийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэхдээ АТГ хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, улсын орлогод авах хүсэлтийг прокурорын байгууллагад иргэний журмаар хүргүүлээд байгаа аж. Гэм бурууг шүүхээс тогтоосны дараа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураахын тулд шүүх дахин шийдвэр гаргах шаардлагатай болж байгааг энэхүү баримт гэрчилж байна гэлээ.

 

ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Мэдээллийн төгсгөлд дуулиант хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.


-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ. Түүнд холбогдох хэргийг шалгах субьект нь АТГ мөн үү?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байсан цагдаагийн мөрдөгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг АТГ-т хамтатган шалгахаар болсон.


-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Гэрээ, баримт бичигтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-УИХ-ын гишүүн Л.Болдын хамаарал бүхий хүмүүс болох Л.Болдхуяг, Саруул нар оффшор данстай гэх мэдээлэл нийтэд ил болсон. Үүнийг АТГ шалгах уу?

-Авлигатай тэмцэх газраас энэ талаарх бүхий л тодруулга, судалгааг хийж байна.

-УИХ-ын гишүүн асан Д.Арвинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн. Хэчнээн төгрөгийн хохиролтой, хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?

-Эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчин улсад онц их хэмжээний буюу 1,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байна.

У.ОРХОН unen mn


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл