Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр тохиолоо. Монгол Улс арав дахь жилдээ энэ өдрийг НҮБ-аас гаргасан "Харвалт биднийг сөхрүүлсэн ч бид босч чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.
-Манай улс дэлхийд цусны харвалтаараа дээгүүрт орж байна гэлээ. Цусны харвалт ямар шалтгаанаас үүсдэг юм бэ?
-Монголын харвалт судлалын нийгэмлэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран дэлхийн харвалтын өдрөөр "Харвалт биднийг сөхрүүлэвч бид дахин босч чадна” гэсэн уриатай аян зохион байгуулж байна. Манай улс харвалтаар дэлхийд тэргүүлж байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Жилээс жилд энэ өвчнөөр маш олон хүмүүс амиа алдаж байна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь энэ өвчинд нас залуужиж байгаа юм. Засгийн газраас энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Халдварт бус өвчний нас баралт халдварт өвчнийхөөс илүү байна. Тэр дундаа харвалтаар нас барж байгаа хүмүүсийн тоо сүрьеэ, ДОХ, хавдар, авто замын ослоор амиа алдаж байгаа хүмүүсээс давж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Бид өөх тостой хоол их иддэг, давстай цай уудаг, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан илүүдэл жинтэй байна. Архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд харвалтад хүргэх гол шалтгаанууд юм. Эдгээр буруу хэвшлээ засахгүй бол харвалтад өртөх магадлал ихсээд байна гэсэн үг. Цусан дахь өөх тос их байвал судас хатуурч эцэстээ харвалтад хүргэдэг. Харвалтаар эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс болсон байдаг. Цусны даралтаа бууруулж, жингээ барьж, чихрийн шижинд өртөхгүй бол эрүүл байна. Чихрийн шижинтэй хүн өндөр даралттай байдаг. Хэзээд ч харвах аюултай.
-Харвалт юунаас болж залуужиж байна вэ?
-Харвалт залуужиж байгаа олон шалтгаан бий. Хүний биеийн суурь эрүүл мэндийн байдалтай холбоотой. Мөн удамших, судасны өөрчлөлтөөс шалтгаалдаг. Хүний бие организм буруу амьдралын хэв маягтайгаа байгаад байвал тэрхүү организм тэсч чадахгүй болсноор харвалт өгч байна гэсэн үг. Манай хүн амын 54,4 хувь нь илүүдэл жинтэй. Ялангуяа эмэгтэйчүүд ихэнх хувийг нь эзэлж байна. 25-64 насны хүмүүсийн 6,9 нь диабиттай байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүс эргэн тойрных нь аль нэгэн хүн цус харваагүй л бол энэ талаар тийм сайн мэддэггүй. Тиймээс бид жил болгон ярьж, сануулах хэрэгтэй болдог. Хүн харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд бага залуугаасаа анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийг эрүүл өсгөж, зөв хэвшилд сургах нь хамгийн түрүүнд анхаарах зүйл. Жишээ нь, өөх тостой хоол идээд байвал хүний цус өтгөрч, судас бөглөрөх аюултай. Тамхи татдаг хүмүүс толгой дараалан тархины судасны бөглөөс болдог. Архи уудаг хүн судас хагарах харвалтад заавал өртдөг.
-Харвалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Бид ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ хойрго ханддаг. Хүндрүүлсний дараа эмнэлгийн байгууллагад очдог. Харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Бидний хувьд өөх тосоо багасгах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, стрессээ зөв тайлах, архи тамхины буруу хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
-Тал, бүтэн харвана гэж яриад байдаг?
-Харвалт бол хүнд өвчин. Статистик тоо мэдээллээс харахад 100 хүн харвахад 25 нь газар дээрээ нас бардаг. Харин 25 нь эхний хоёр сар, нэг жилийн дотор давтан харваж нас бардаг байна. 50 хувь нь тахир дутуу болж амьдралынхаа туршид амьдрах чадвараа алддаг гэх мэдээлэл бий.
-Бүрэн эдгэрдэг үү?
-Харвалт үүссэн ч эмчлэгддэг өвчин. Гэхдээ эмчлэгдэхийн тулд маш олон хүчин зүйлээс хамаардаг. Харвасан тохиолдолд гурван цагийн дотор эмнэлэгт ирсэн байх шаардлагатай. Мөн харвалтын тасагт эмчлэгдэх ёстой. Гэтэл энэ тасаг улсын гуравдугаар төв эмнэлэгт л ганцхан байдаг. Гуравдугаар төв эмнэлгийн ачаалал их байдгаас хүн болгонд хүрч үйлчилж чаддаггүй. Мөн харвасан хүмүүс тэр болгон гурван цагийн дотор багтаж ирдэггүй. Тиймээс манай харвалтын тасгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллах ёстой. Бүхэл бүтэн харвалтын систем хэрэгтэй байна. Харваад гурван цаг өнгөрөхөд тархи өөрөө үхжиж эхэлдэг учраас эмчилгээ тус болох нь бага байдаг. Манайд харвалтын дараа нөхөн сэргээх эмчилгээ бараг л хийгддэггүй. Жирийн тасагт эмчилгээ хийгээд ар гэрт нь гаргадаг.
-Харвасан тохиолдолд гэрийн нөхцөлд хурдан шуурхай ямар арга хэмжээ авах вэ?
-Хүн бүрт эрүүл мэндийн мэдлэгийг хүүхэд ахуйгаас нь суулгах хэрэгтэй байна. Харвалт өгөхийн өмнө хэдэн шинж тэмдэг илэрдэг. Бид "Таван Ха” шинж гэж нэрлэдэг. Тухайн хүний хацар унжих, хараанд өөрчлөлт орох, хэл яриа ээрэх, хөл гар сулраад ирвэл хурдан түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цагийг нь сайн мэдэж байх ёстой. Хүний биеийн байдлаас шалтгаалж хажуу тийш нь харуулж хэвтүүлэх, тайвшруулах, даралтыг нь үзэх, даралтны эм уулгаж болно.
-Өвлийн улиралд малгай өмсөхгүй явах нь тархинд өөрчлөлт өгдөг үү?
-Хүйтний улиралд малгай өмсөхгүй байх нь буруу. Энэ үед хүзүү гавлын булчингууд чангарч, cудсууд агшиж эхэлдэг. Байнга толгой тархинаасаа даарвал судас нарийсдаг. Толгой өвддөг, юм мартдаг болдог. Мөн хоолойн ангинн, янз бүрийн харшил, шүдний өвчлөлүүд нь дандаа холбогч эдийг гэмтээж байдаг. Ингэснээр судасны ханыг гэмтээж амархан хагарахад хүргэдэг.
-Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээр цусанд өөрчлөлт ордог гэлээ?
-Эмэгтэйчүүд сүүлийн үед турах зорилгоор маш их нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ найрлагад юу байгааг мэддэггүй. Эмчээс зөвлөгөө авахгүй дур мэдэн хэрэглэдэг. Энэ нь цусандах өөх тосны бодисын солилцоонд нөлөөлдөг. Мөн залуучууд булчингаа хөгжүүлэхийн тулд хэт өндөр тунгаар уураг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс болж харвалт өгч манайд ирж байсан. Эдгээр зүйлс эрсдэл их дагуулдгийг мэдэхгүй байна.
-Хөдөө орон нутгийн хүмүүс харваад очиход харьяа биш гээд эмнэлгүүд хүлээж авдаггүй. Харвасан хүн цаг алдахгүй байх ёстой гэдэг. Шууд хүлээгээд авчихаж болдоггүй юмуу?
-Хөдөө орон нутгийн хүмүүс нэгдүгээр эмнэлэг дээр цаг алдалгүй очсон тохиолдолд буцаахгүй. Гуравдугаар эмнэлэгт ч очих боломжтой.
-Харвалтаас өөр санаа зовоож буй мэдрэлийн ямар өвчлөл байна вэ?
-Олон өвчин бий. Хамгийн түгээмэл тохиолддог нь вирусийн гаралтай өвчлөл. Хавар, намар ханиад томуу дэгддэг. Энэ үед улаанбурхан, салхин цэцэг болон янз бүрийн ханиадны вирус тархдаг. Эдгээр вирус явсаар байгаад мэдрэлд халдварладаг. Ингэснээр тархи нь саажих, ухаангүй болох, нугасанд өвчний голомт үүсэж, биеийн доод хэсэг нь мэдээгүй болох, нүүр саажих гээд олон эмгэг тохиолдоно. Мөн мэдрэл, сэтгэц хоёрын дунд талын невроз гэж эмгэг нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь сэтгэл санаанд нөлөөлдөг эмгэг юм. Эмч нар тухайн хүнийг үзэж, шинжилгээнд хамруулахад ямар ч өвчин зовиур илэрдэггүй. Тэгсэн хэрнээ бие нь байнга өвдөж байдаг. Энэ бол нийгмийн байдал, стресстэй холбоотой эмгэг.
-Харваад очиход компьютер томографикийн мөнгө гэж авдаг?
-Улсын гуравдугаар төв эмнэлгээс бусад эмнэлэгт томографикт мөнгөө төлж орно.
-Даралт багасах нь харвалтанд бас нөлөөлдөг үү?
-Даралт унахад тархинд бөглөрөл үүсдэг. Тархины шигдээс, зүрхний шигдээс үүсгэдэг. Харвалтад нөлөөлөх тал бий.
-Харвалттай тэмцэх өдрөөр ямар арга хэмжээ зохиогдож байна?
-Манайх орон даяар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ сарын 29-нд бид хүмүүст харвалтын талаар мэдээ мэдээлэл олгох сургалт хийж улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт бид өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс үнэ төлбөргүй мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан. Мөн эмийн байгууллагууд өөрсдийн харвалтын талаарх эм бэлдмэлээ танилцуулсан юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
0 сэтгэгдэл