|

Ж.Саранцэцэг: Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амьтан дээр амжилттай туршсан

Ж.Саранцэцэг: Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амьтан дээр амжилттай туршсан

 

-Зүрх, нойр булчирхайг шилжүүлэн суулгах боломж удахгүй бүрдэнэ байх-

Монгол Улсад анх удаа "Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурал” долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд "Blue Sky” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэ хурлын болон манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын одоогийн байдлын талаар хурлын зохион байгуулах хорооны дарга, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эмнэлзүйн тусламж эрхэлсэн эрхлэгч анагаах ухааны доктор Ж.Саранцэцэгээс тодрууллаа.

-Манай улсын хувьд элэг, бөөр, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан гэж хэлж болох байх. Сүүлийн үед тархины харвалт өндөр орны тоонд орох болсон гэж сонссон. Дотооддоо хийж байгаа эрхтэн шилжүүлэн суулгалтын зардлыг  гадаадын орнуудынхтай харьцуулбал хэр хямд байгаа вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгалтын тогтолцоог зөв нэвтрүүлэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг болох УНТЭ, Хавдар судлал, донор эмнэлэг болох ГССҮТ болон сэхээн амьдруулах тусламж үзүүлдэг бүх эмнэлгүүд төрийн нэгдсэн зохицуулалт дор хамтарч ажиллах ёстой. Анх УНТЭ-т 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж, 2006 оноос хойш жил бүр тасралтгүй энэ төрлийн мэс заслыг хийж байна. Мөн элэг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-т хийж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулж эхэлснээс хойш энэ нь зөвхөн нэг эмнэлгийн, хэсэг мэргэжилтний ажил юм шиг явсаар ирсэн дутагдалтай талтай.

Манай улсад донор эмнэлгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Манай оронд тархины харвалт өндөр байдаг. Тархины харвалт болон тархины гэмтлийн улмаас тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон донор найман хүний амь аврах боломжтой. Энэ чиглэлээр нийгэмд зөв ойлголт өгөх, тархины үхэлтэй донорыг таниулах нь тус хурлын бас нэгэн зорилго юм. Эрхтэн шилжүүлэн суулгалтын төлбөрийн дийлэнх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тухай хэлэлцэж байгаа. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалтын өртөг нь гадаадын орнуудынхаас харьцангуй бага байдаг.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол маш их ур чадвар, дадлага туршлага шаардсан ажил. Тэгвэл УНТЭ-ийн хувьд цаашид ямар төрлийн мэс заслыг Монголд нутагшуулах зорилт тавин ажиллаж байна вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол олон мэргэжилтний хамтын ажиллагаа буюу багийн ажил юм. Өндөр технологийг нутагшуулна гэдэг нь боловсон хүчний хувьд ч, удирдлагын хувьд ч маш их эрсдэлтэй, хариуцлагатай ажил байдаг. Амжилттай, зөв нутагшуулбал манай улсын анагаах ухаанд оруулж байгаа хувь нэмэр болно. Манай эмнэлгийн хувьд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэл ажлыг хийж, амьтан дээр туршилтын мэс заслыг амжилттай хийсэн. Дараа нь зүрх, нойр булчирхайг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг  нэвтрүүлэх байх гэж бодож байна. УНТЭ-ийн захиргаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгалтын мэргэжилтнүүдээ БНСУ-ын эмнэлгүүдэд богино хугацааны сургалтад жил бүр хамруулдгаараа давуу талтай.

-Эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар олон улсын томоохон хурал Монголд анх удаа болох нь. Энэ хурлын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн жилүүдэд амжилттай нутагшиж байна. Иймээс долдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” нэртэй Олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Олон улсын гэх тодотголтой байгаа нь энэхүү хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (TTS), Солонгос улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (KST), Япон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (JST), Vitallink, Raphael International олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Уг хуралд 10-аад орны 20 гаруй зочид, профессорууд болон манай эмч нар оролцон 70-аад сэдвээр лекц уншигдаж хэлэлцүүлэг зохиогдоно.

-Энэхүү олон улсын хурлыг зохион байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Энэ хурлаар эрхтний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрх зүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэнэ. Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал хөндөгддөг. Манай улсын хувьд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ 9,10-нд болох хурлын үеэр хуульд шинэчилсэн найруулгаар ямар өөрчлөлт орж байгаа талаар иргэдэд үнэн, зөв мэдээллийг өгөх юм. Нөгөө талаар шийдвэр гаргагч талуудад эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгалтын тухай олон улсын өнөөгийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн шийддэг талаар нэгдсэн ойлголт олгох, Монгол Улсын хувьд энэ тал дээр төрийн зохицуулалт ямар байх, эрхтний донор болон шилжүүлэн суулгалттай холбоотой баримт бичгүүд, төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээрээ ач холбогдолтой.

Мөн олон нийтэд донорын тухай мэдээллийг өгөөд зогсохгүй эмч, судлаачдад бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийг хамарсан өргөн хүрээний мэдлэгийг олгож, эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж, судалгааны арга барил, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм.

-Хурлын хөтөлбөрийг сонирхож болох уу?

-Хурлын эхний өдөр буюу долдугаар сарын 9-ний өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгалтын үндсэн бүрэлдэхүүн оролцогч талууд, төрийн зохицуулалт, донорын болон эрхтэн шилжүүлэн суулгалтын нэгдсэн бүртгэл гэж юу болох, донор эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц тавигдана. Харин хурлын хоёр дахь буюу долдугаар сарын 10-ны өдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалттай холбоотой 4 салбар хуралдаан болно. Мөн "Амьдрал бэлэглэе” сэдэвт эрхтний донорыг олон нийтэд таниулах үйл ажиллагааг Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэ өдрийн онцлох гол арга хэмжээний нэг нь олон улсын байгууллагуудтай хамтран хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.  


2 сэтгэгдэл