|

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт "Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх болжээ. Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо "Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, "Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо "Их Эзэн Чингис хаан” танхимд Зөвлөлдөх санал асуулгын тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаа Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх болжээ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл багтсан байна.

23 сэтгэгдэл