|

Шатахууны үнийн өсөлтийг албаныхан ингэж тайлбарлав

 

Шатахууны үнийн өсөлтийг албаныхан ингэж тайлбарлав

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Түүнийг тоймлон хүргэж байна.

Д.Сумъяабазар: Олон улсын зах зээл дэх шатахууны үнийн өсөлт манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж байна. Манай улс 100 хувь гаднаас шатахуун авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас дахиж нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, валютын ханшны өсөлттэй уяалдсан татварын бодлогыг тухай бүрт авч хэрэгжүүлж байсан.

Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж чадсан. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны импортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна.

ОПЕК-ийн гишүүн орнууд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс, ОПЕК-ийн бус гишүүн бус орнууд 2016 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 1.2 сая болон 600 мянган баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэснээр газрын тосны үнэ 2016 оны арванхоёрдугаар сараас өссөн хэдий ч АНУ газрын тосны олборлолтын хэмжээг нэмсэнтэй холбоотойгоор 2017 онд газрын тосны үнийн огцом өсөлтийг саармагжуулж чадсан.

Гэвч ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын газрын тосны олборлолтын хязгаарлалт болон уг хязгаарлалттай холбоотой үүссэн эрэлтийн огцом өсөлт, Венесуэл улсын газрын тосны олборлолт эрс багассан, Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын геополиткийн зөрчилдөөн, валютын ханшийн өөрчлөлт, АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээний өөрчлөлт, Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ зэрэг олон талын нөлөөллөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2018 онд тогтмол өссөнөөр Брент төрлийн газрын тосны сарын дундаж үнэ 2018 оны 01 дүгээр сард 69.18 ам.доллар/ баррель байснаас 2018 оны аравдугаар сарын 3-нд  86,29 ам.доллар/баррель болж 24,7 хувиар өсөөд байна. Энэ сарын дундаж үнэ 80-87 ам.доллар/баррель орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа хэдий ч цаашид газрын тосны олборлолтын хязгаарлалт, үүнээс үүсэн эрэлтийн огцом өсөлт болон АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамааран дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ арваннэгдүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байгаа.

О.Баасанхүү: Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байгаа юм бэ. Төр яагаад ямар ч бодлогогүй байгаа юм?

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууныг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ оны зургаадугаар сард Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах бэлтгэл хангагдаад байна. Шалгалтын хүрээнд таван аж ахуйн нэгжийг хамруулсан. Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг "Петролеум продакшн”, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Ай Си Ай Си”, "Транс”, "Алтан оршихуй” компанийг хамруулсан. Зургаан чиглэлээр дүгнэлт гаргасан. Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн бүтээгдэнхүүн стандартын шаардлагад хүрэхгүй байгааг тогтоосон. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байх хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.

Д.Эрдэнэбат: Манайд орж ирж байгаа шатахууны хэдэн хувь нь жижиглэнгээр борлуулагддаг вэ. Бодлого байхгүй учраас үнэ саваад байгаа юм. ОХУ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татварынхаа хэмжээг нэмэх юм байна. Дахиад үнэ нэмэгдэх үү. Тамсагаас хэдий хэмжээний түүхий нефть гаргаж байгаа вэ. Гаргаж байгаа газрын тосныхоо тал хувьд нь шатахуун авах ёстой. Гэтэл маш бага авдаг. Яагаад ийм байгаа вэ. Түүхий нефть Хятад руу гаргаж байгаа улс Хятадаас хямд үнээр шатахуун авах боломжтой. Энэ яагаад ажил хэрэг болохгүй байна вэ. Сангийн яам, Уул уурхайн яамны хамтын ажиллагааг хангахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

Д.Сумъяабазар: Өсч байгаа эдийн засгаа тодорхой төвшинд барих гэж Засгийн газар хичээж ажиллаж байгаа. "Петро Чайна Дайчин Тамсаг”-тай бүтээгдэхүүн авахаар ярьж байгаа. ОХУ татварын хуульдаа өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө хоёр талаас ажлын хэсэг гаргаад, үнийн зохицуулалт хийх, нөөцөө бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Оруулж ирж байгаа шатахууны 40 орчим хувийг жижиглэнгээр борлуулдаг.

Б.Жавхлан: Дорноговь аймагт барьж байгаа шатахууны үйлдвэр хэзээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх вэ. Жилд манай улс хэдэн ам.доллараар шатахуун авч байна вэ?

Д.Сумъяабазар: "Роснефть” компанитай урт хугацааны бодлого ярьж байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Ирэх сард ТЭЗҮ-ээ хүлээж авна. Гуравдугаар сараас бүтээн байгуулалтаа эхэлнэ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 2018 оны нэгдүгээр сараас эхлэн АИ80, АИ92-ын онцгой албан татварыг тэгэлсэн. Дизель дээр л онцгой албан татвар ногдуулсан. Хамгийн өргөн хэрэглээнийнх нь АИ80, АИ92 байгаа. Хамгийн багаар нь тэг болгосон. Гааль бол УИХ-аар тогтоосон таван хувийн татвараа авч байгаа. Бид хуулийн болон татварын хувьд хамгийн том зохицуулалтаа хийсэн байгаа.

Д.Тэрбишдагва: Дэлхийн зах зээл дээр бензины үнэ хямд байхад манай нефть ипортлогчид яагаад үнээ буулгадаггүй юм бэ. Одоо нэмэгдэхээр дагаад нэмэх юм. Гаднын орнуудад дизель хямд байхад яагаад манайд илүү үнэтэй байгаад байна вэ. Түүнчлэн ОХУ ДУМ-ээсээ 2018 оны наймдугаар сараас эхлэн экспортын татварын 30-90 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газартаа өгчихсөн. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн бензиний үнэ автоматаар нэмэгдэх нь харагдзаж байна. Тэгэхээр үүн дээр төрийн бодлогоор хэлэлцээр хийх боломж байна уу.

Д.Сумъяабазар: Нефть боловсруулах үйлдвэрийн ажил яг төлөвлөгөөний дагуу явж байгаа. Энэтхэг улсын Засгийн газар болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу тэрбум долларт багтааж боловсруулах үйлдвэр барина. Энэтхэг улсын "Экспорт импорт” банкны удирдлага манай улсын Гадаад хэргийн яам, төсөл хариуцаж байгаа компанийн удирдлагууд ирж уулзаад эцсийн байдлаар арваннэгдүгээр сарын 10 гэхэд ТЭЗҮ-ээ хийхээр болсон. Газар шорооны ажил буюу бүтээн байгуулалтын үндсэн суурь ажлын гүйцэтгэл 40-50 хувьтай явж байгаа. ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой тавих ажилд хамтарч ажиллахаар хэлэлцэж байгаа. Сая ОХУ-аас Роснефть компанийн удирдлагууд ирж уулзан, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөөгөө гаргаад явж байгаа. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд энэ ажлуудын тодорхой болчих байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Дамжуулах хоолойн ажилд ОХУ аж ахуйн нэгжүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл