|

Ц.Эрдэнэбаяр:Гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгах боломжтой

Ц.Эрдэнэбаяр:Гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгах боломжтой

Шатахууны үнэ он гарсаар гурван удаа нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт АИ-92 шатахуун 2010 төгрөгт хүрсэн бол өнөөдөр нийслэлийн захын хорооллуудад дахин үнэ нэмэгдсээр байгаа юм.Үнэ нэмэх шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа ч ерөнхийдөө валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны салбар асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас дараах асуултад хариулт авлаа.

 

-Шатахууны үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Ингээд зүгээр суугаад байх уу?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг ба төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуйн нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид "2018 оны 5, 6 дугаар сард ОХУ-ын "Роснефть” компаниас нийлүүлсэн шатахууны хил үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ 95, АИ 92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллаахаар болсон” гэж тусгасан.

-Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй юм байна. Сая шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдаж болоогүй юм уу?

-Аж, ахуй нэгж, шатахуун импортлогч компаниуд 20 хоногийн өмнөөс албан бичгээ манай байгууллага болон холбогдох яам руу ирүүлсэн. Шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг манай яам хариуцдаг. Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. Бид газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах хүртэл зүгээр суухгүй. Тодорхой ажлуудыг төлөвлөчихөөд байна. Тухайлбал, манай АМГТГ-аас томоохон импортлогч компаниуд руу албан ёсоор мэдэгдэл хүргүүлж ирсэн. 2018 оны 7 дугаар сард бид мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд гадаад зах зээлийн үнэ, ам долларын ханшийн үнийн өсөлтөөр шатахууны үнэ өсөж байгаа бол буурахаар нь дагаад бууруулж байх ёстой гэж анхааруулсан. Тэд гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгана гэж мэдэгдсэн.

-Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахуунаа үнэтэй зараад байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?

-Төрийн зүгээс аж, ахуй нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Бид тодорхой хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуй нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай. АИ 80, АИ 92 онцгой албан татвар 0 байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулгын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.

-Дизель, АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байхад үнээ нэмээд байна. Цаашид Засгийн газрын зүгээс татвар тэглэхээс өөрөөр ямар арга хэмжээ авч ажиллавал шатахууны үнэ тогтворжих юм бэ?

-Энэ удаагийн нэмэлт гадаад зах зээлээс хамааралтай. Төрөөс тухайн компаниуд руу албан тоот явуулж хариуг нь авна. Саяхан "Роснефть” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч манай улсад ирж ажилласан. Хоёр талаасаа нийлсэн ажлын хэсгийг байгуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар болсон. Манай үйлдвэртэй танилцсан. Бид богино зайнд тодорхой хэмжээний шийдвэр гаргаж ажиллана.

-Гадны улсуудад шатахууны үнэ цаашид буурах мэдээлэл байна уу?

-Түүхий тосны үнэ сүүлийн дөрвөн жилд хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. 56-58 ам доллар хүрэх таамагтай байсан ч 70-80 гаруй доллартай болсон. Оны төгсгөлд буурах үзүүлэлттэй болов уу гэсэн үзүүлэлт байна.

-Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн гэсэн. Ямар хариу ирсэн вэ?

-Сангийн яам манайхаас хүргүүлсэн албан бичгийн дагуу Засгийн газрын хуралдаанд төсөл хөтөлбөрөөр оруулж ажилладаг. Одоогийн байдлаар Сангийн яам манайд хариугаа өгөөгүй байна.

-Нефт боловсруулах үйлдвэр барих ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?

-Боловсруулах үйлдвэр үндсэндээ 1,5-2 сая орчмын хүчин чадалтай боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтан ширээ суманд баригдаж эхэлсэн. Энэ жилийн тухайд дэд бүтцийн ажил эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 хувьтай явагдаж байна. Ирэх 2019 оны зургадугаар сард гүйцэтгэгч компани болон дэд бүтцийн ажлыг  100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Харин үйлдвэрийн ажил хөнгөлөлттэй зээлийн тусламжаар гүйцэтгэнэ. Үүний нарийвчилсан ажил ирэх арваннэгдүгээр сард багтаад батлагдана. Үүний дагуу 2019 оны гуравдугаар улирлаас үйлдвэрийн барилгын ажил эхэлж, 2023 он гэхэд үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

эх сурвалж:undesten.mn

0 сэтгэгдэл