|

Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө

Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллийг сонслоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Валютын ханш өссөн нь гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан

-Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэхээр ажиллаж байна. Гэхдээ үүнийг ганц мөнгөний бодлогоор хэрэгжүүлэх боломжгүй. Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан. Энэ нь дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн "Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, "Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлсэн.Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны нөөцөө нэмж байгаа. Гадаадын хөгжилтэй зээл тусламжийн бодлогоо эрчимтэй явуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нөөц өсөх аргын нэг. Экспорттой холбоотой судалгааг бид хийж байгаа. Гадаад худалдааны бодлого алдагдчихлаа. Үүнийг хариуцсан төрийн яам, агентлаг байгуулж ажиллахгүй бол болохгүй болжээ. Валютын ханшийн өсөлтөөс хожоо гаргах тухай Тэрбишдагва гишүүн хэлж байна. Энэ зөв зүйтэй асуудал. Рубль, юанийн эсрэг төгрөг чангарч байгаа. Худалдан авалтаа энэ валютаар хийхийг эрмэлзэж байна. Монголын эдийн засагт гадаад валютын урсгал орж ирж байвал арилжааны эсвэл гадаад банк байна уу гэдэг нь зарчмын асуудал биш.

Оюутолгойтой бид хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. Тэд "Бидэнд бэрхшээл гарсан. Танай татварын албанаас ирээд манай арилжааны банкинд байсан дансыг хаасан. Энэ манайд хүндрэлтэй байна. Цаашид ийм зүйл гаргахгүй байвал сайн байна” гэдгийг хэлсэн. Төв банкны зүгээс "Монголд валют орж ирж байвал аль банкаар орж ирэх нь хамаагүй” гэх байр суурьтай байгаа Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ

ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбоотой 150 сая доллар орж ирэх юм. Хэдийгээр энэ мөнгийг төлбөрийн тэнцэл гэж авч байгаа ч ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ирж шалгадаг. Энэ мөнгө оны төгсгөлд орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгал 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүнийх 38.1, хөрөнгө оруулалт 54.7, аж үйлдвэрийн орц 13.9 гээд нийт импорт 41.9 хувиар өсөх хүлээлт байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөхөөс өссөн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Стратегийн орд эзэмшиж буй гадны томоохон компаниудын дансыг Монголбанкинд байшуулах нь зөв үү? Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд энэ онд гаднаас хэдэн ам.долларын зээл орж ирэх вэ?

-Монгол Улсын эдийн засагт гадаад валют орж ирэх нь л чухал. Валют Төвбанкаар дамжих эсхүл арилжааны банкаар дамжихад чанарын ялгаа байхгүй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд Монгол Улсад 750 сая ам.доллар орж ирэх ёстой аж. Энэхүү хөрөнгө оны эцсээр орж ирэх хандлагатай байгаа. Ойрын хугацаанд ОУВС болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, судалгаа хийхээр төлөвлөж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Импорт 41 хувиар өсөх хүлээлттэй байгаа нь өндөр үзүүлэлт. Үүн дээр зохицуулалт хийх боломжгүй юм уу. Сангийн сайд төсвөө магтаад байдаг. Гэтэл ирэх онд төсвийн хөрөнгө оруулалт 2 их наяд, гадны зээл тусламжаар 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Ханш савахгүй гэх ямар ч найдвар байхгүй. Нөхцөл байдал ийм байхад өөрсдийгөө өмөөрөөд байх юм. Хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийг огт дэмжээгүй. Дандаа хэрэглээгээ өдөөсөн нийгмийн чанартай хөрөнгө оруулалт байна. Одоо үнийн өсөлтийг хариуцдаг эзэн гэж огт байхгүй болчихлоо. Тусад нь агентлаг байгуулах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар, Монгол банк хоёрын хамтарсан бодлогын уялдаа огт алга. Цаашид ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах, Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ирэх онд инфляцийг 8 хувьд барихаар зорьж ажиллана. Төв банк эрх үүргийнхээ хүрээнд энэ чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Төгрөгийн ханшны тухайд ч анхаарч ажиллана. Дэлхийн 142 оронд нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулраад байна. Бид бодлогын хүүг 10 хувьд барьж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын сүүлээр мөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Оны эхнээс бид 650 сая орчим ам.долларын интервенцээ хийсэн байна. Валютын нөөц бага байгаа ч бид интервенцээ хийгээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монголбанк интервенци хийх нь зохистой арга биш. Гадны орнуудын жишиг ч ийм байгаа гэж хэлж байна. Ерөнхийлөгч нь ам.долларын ханш өсөхгүй, барина гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Бизнес эрхэлж байсан хүнийхээ хувьд хэлэхэд одоо импорт өсдөг цаг нь биш.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ жилийн мөнгөний бодлого дотор алттай  холбоотой зүйл маш бага туссан байна. Монгол Улс өөрөө алт олборлодог онцлогтой улс. Алт олборлолт, үйлдвэрлэлт дээр бид сайн дэмжсэн. Монгол хөрснөөс гаргаж авсан нэг грамм алт бүр Төвбанкны нөөц болж байна уу гэдэг дээр алдаад байна. Төвбанкинд орж ирэхгүй байгаа банкны 70-80 хувь нь хар зах дээр санхүүгийн хэрэгсэл болоод яваад байна. Үүнийг Төвбанк руу оруулах нь чухал байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл