Олон улсын валютын сан Монгол Улсад эхний ээлжинд өөрийн зүгээс 440 сая ам.долларын зээл өгөх ба цаашид 5.5 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний зээлийг гаднаас авах эрхийг нээж өгчээ. Үүний тулд Засгийн газрын бодлогыг зааварчлах, төсвийн сахилга батыг мөрдүүлэх хяналтыг ОУВС нэг хэсэгтээ гартаа авах юм.
Албаныхны хэлж байгаагаар "Монгол Улсын эдийн засаг доош унахдаа яг хаана хүрэх вэ” гэдгийг ОУВС хянана гэсэн үг юм. Нэг үгээр бол Монголын эдийн засаг эрчимт эмчилгээнд орж, амин үзүүлэлтүүдийг "гадаадын” өндөр зэрэглэлийн эмч нар хянаж байхаар боллоо.Эмчилгээний жор, заавар, эмчилгээний үеийн дэглэм зэргийг эрх баригчид маань хүлээн зөвшөөрснөө мэдэгдэхийн зэрэгцээ тэдгээрийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
Хачирхалтай нь, эрх баригчдын баримталж байсан "жор” буюу бодлогыг ОУВС-гийнхан орвонгоор нь эргүүлсэн байх аж. Тэгэхээр иргэд бид өнгөрсөн сонгуулиар эмчлэх эрхийн лицензийг нь албан ёсоор өгсөн эрх баригчид маань буруу "жор" бичиж байсан болж таарав уу?! Түүнчлэн эрх баригчдын эмчилгээний "жор” зөв эсэх, ямар нөлөө, үр дагаварт хүргэхийг хянаж байх үүрэгтэй сөрөг хүчин ч тэр үүргээ "мэргэжлийн” түвшинд гүйцэтгэж чадаагүй болж таарлаа.
МАН-ын Засгийн газрын 200 хоногт хийж, хэрэгжүүлсэн бодлогод үнэлэлт, дүгнэлт өгсөн АН-ын бүлгийн "анализ” дүгнэлт гэгч нь хэвлэлийн мэдээний гарчгаар хөөцөлдсөн хэрүүл төдийхөн зүйл байсныг энд хэлүүштэй. Учир нь тэд дараагийн ээлжинд эрх барих мандатаа хүлээж байгаа бодлогын нам бөгөөд өнөөдөр Монгол Улсын эдийн засаг "эрчим эмчилгээ”-нд орсон нөхцөл байдлын "автор" нь юм.
Монголын эдийн засаг эрчимт эмчилгээнд орж, амин үзүүлэлтүүдийг "гадаадын” өндөр зэрэглэлийн эмч нар хянаж байхаар боллоо.
Энэ удаад, шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх, автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх, архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх, Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулах, 2017, 2018 онд цалин, тэтгэвэр нэмэхгүй байх, Хүүхдийн халамжийн мөнгийг 60%-д өгч байгааг 40% болгон бууруулах, Төрийн үйлчилгээний, тодруулбал цэргийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зогсоох зэрэг нөхцөлийг ОУВС жор болголоо.
Гэтэл өнөөх хяналтын үүрэгтэй сөрөг хүчин болох АН-ын бүлэг Засгийн газрын 200 хоногийн ажлыг дүгнэхдээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд МАН-ын Засгийн газраас гаргасан санаачилга, албажсан шийдвэрүүдээс чухамдаа "зөв” байсан бүхнийг нь эсэргүүцэн буруушаасан байх аж.
Тодруулбал, "2017 онд цалин тэтгэврийг нэмэхгүй”, "Оюутны 70 мянгыг зогсоов”, "Эмч, багш нарын тэтгэмжийг бууруулав", "Ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулав”, "Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй”, "Хос хөдөлгүүртэй машинд татвар нэмэхээр зэхэв /приус/, "Хадгаламжийн хүүд татвар ногдуулж, онцгой албан татварыг нэмэх гэв”, "Иргэдийн орлогоос хамаарч татвар нэмэв”, "Сайн хөтөлбөрүүдийг зогсоов” гэх зэрэг сүртэй "зүйл ангиудаар" эрх баригчдыг буруутгаж байлаа.
Гэвч эдгээр нь өнөөгийн хямралын үедээ таарсан эмчилгээний зөв "жор” болохыг ОУВС-гийн тулгасан нөхцөлүүд илтгэлээ. Эрх баригчид нь ч, сөрөг хүчин нь ч тэр үнэнийг, зөвийг баримтлахаасаа халгаж, иргэдийнхээ дийлэнхийн сэтгэл зүйг дагаж популизм хийж байгааг гадны санхүүгийн байгууллагууд ойлгуулж буй нь энэ. Сүүлийн хорь гаруй жилд ээлжлэн төрийн эрхийг барьж, нэг сонгуулиар эрх баригч, дараагийн сонгуулиар сөрөг хүчин болж байдаг хоёр том намын байгаа царай нь энэ юм.
Уул уурхайн орлого өндөр байх үед түүнийг шингээх чадваргүй пологтож байсан Засгийн газрууд тэртээ 1991, 2009 оны шилжилтийн болоод хямралын үеийн Засгийн газруудтай ОУВС хэрхэн хамтран ажиллаж, тэр үедээ ямар хатуу нөхцөл, гашуун эм бичиж өгч байсныг суралцах нь бүү хэл мартаж орхисноос л өнөөдрийн хямрал давтагдсан хэрэг биш гэж үү.
Хямрал давтагддаг, тэр үед гадаад ертөнцөөс тусламж, хөрөнгө оруулалт бүү хэл арилжааны зээл ч олддоггүй, нүүр өгч, алга тэнийлгэх нь Дэлхийн банк, ОУВС зэрэг "чанга гарууд” байдаг гэдгийг үргэлж санаж, тэдгээрээс зөвлөдөг нөхцөл, шаардлагуудыг үргэлж мөрдөх нь хэзээ ч үр дүнтэй эмчилгээний аргууд байх болно гэдгийг үе үеийн эрх баригчид ойлгох цаг нь болжээ. Яагаад гэхээр энэ удаад ч ОУВС манайд зээлийн эрх нээж өгөхдөө төсвийн зарлага талд хатуу сахилга бат мөрдөх, халамжийн бодлогыг танах, төсвөөс гадуур төсөвт хөтөлбөр хэрэгжүүлэхийг хазаарлах гэх мэт хэзээний танил болсон жорыг ахин бичиж өгөв.
Хямарсан үедээ гэмээ ухаарч хууль, журам баталдаг ч түүнийгээ мөрдөж чаддаггүй, сонгуулийн мөчлөгт таацуулан популист амлалтын бодлого хэрэгжүүлдэг үе үеийн төр засаг, улстөрчдөөс болоод иргэд байсхийгээд л бүсээ чангалах зовиурыг мэдрэх болчихоод байна.
Ямар нэг татвар сонгуулийн өмнө, эсвэл хойно гэнэт бууруулдаг, тэгснээ буцаагаад нэмдэг. Ямар нэг халамжийг гэв гэнэт сайхан аашлаад өгдөг, тэгснээ буцаагаад хураачихдаг. Ийм тогтворгүй бодлого нь баялаг бүтээгчдийг бизнесийн төлөвлөлт хийх боломжгүй болгож, ямар ч дүрэмгүй тоглоомын орчин рүү түлхэж байгаа нь чухамдаа хүчирхийлэл.
Утга учиргүй халамжийг сонгуулиар амлаж, хүн амынхаа өрсөлдөх чадваргүй хэсгийг улам бүр бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, удалгүй "бэлэн хоолоо” амнаас нь булаан авч байгаа нь бараг л дээрэм юм. Дэлхийн банкны техникийн туслалцаа, ОУВС-гийн зээлжих эрхийг даган ирж буй сургамж нь энэ. Үүнийг сөрөг хүчин хийгээд парламентын гаднах улс төрийн намууд, тэрчлэн иргэний хөдөлгөөнийхөн ч улстөржүүлэх эрхгүй юм. Учир нь өнөөгийн хямралт нөхцөл байдал бол та бүхний хамтын "бүтээл", удаа дараагийн сургамжууд ч Та бүхэнд давхар хаяглагдах ёстой байж таарна.
310 сэтгэгдэл