|

Нидерланд, ОХУ хоёрын хооронд кибер дайн болж байна

Нидерланд, ОХУ хоёрын хооронд кибер дайн болж байна

Нидерланд болон ОХУ хооронд кибер дайн болж байна гэж Холландын Батлан хамгаалахын сайд Анк Бейлевелд телевиз радиогийн нэвтрүүлгийн "WNL” холбооны нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
"Оросууд манай улсын сонгуульд болон ардчилсан үйл явцад нөлөөлж байна. Бид зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж Нидерландын Батлан хамгаалахын сайд дурдаад Европын зүгээс ОХУ-д авсан  хориг арга хэмжээний хугацаа дуусч байгааг сануулсан байна.
Хариу арга хэмжээнүүдийн хувиар тэрбээр кибер халдлагыг эсэргүүцэх чадвартай тагнуулын албаны санхүүжилтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнээс гадна, НАТО-г кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээр хангах болмжтойг онцлон тэмдэглэсэн байна.
Химийн зэвсгийг хориглох байгууллагын серверт Оросын дөрвөн иргэн кибер халдлага үйлдэх гэж байсныг Нидерландын тусгай албаныхан урьдчилан сэргийлж чадсан гэж Анк Бейлевелд өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Үүнээс гадна, тэд "МН17” нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажлын мэдээллийг хакердаж авахыг оролдсон байна. Нидерландын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, кибер халдлага үйлдэхийг оролдсон эдгээр хүмүүс дипломат паспорттой байсан бөгөөд бүр дөрөвдүгээр сард тус улсаас албадан гаргажээ.
Нидерландаас гадна Их Британи, АНУ, Канадын эрх баригчид Оросын "Тагнуулын газрын офицеруудыг” хэд хэдэн оронд цуврал кибер халдлага үйлдсэн гэж буруутгасан байна. Тухайлбал, АНУ-ын сонгуулийн систем, "Westinghouse” цөмийн компани, Их Британийн телевизийн суваг, янз бүрийн орны допингийн эсрэг агентлагууд, тодруулбал, "USADA”, "WADA, мөн спортын олон улсын байгууллагууд болох ФИФА, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Спортын арбитражийн шүүх болон бусад байгууллагад халдсан гэж үзэж байгаа аж.
Харин Оросын эрх баригчид үүнийг "зориудаар найруулсан ээлжит суртал ухуулгын” ажиллагаа гээд "Оросын тагнуулын эсрэг кампанит ажил” явуулж буй нь олон улсын харилцаанд ноцтой хор хохирол учруулж байна гэж мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл