|

Охид тулгамдсан асуудлаа ярилцаж, зөвлөмж гаргав

 

 

Охид тулгамдсан асуудлаа ярилцаж, зөвлөмж гаргав

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчийг хамруулан "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ жил охидын өдрийг тэмдэглэхдээ тэдний эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, үүргийнх нь талаар мэдээлэл өгч, өөрсдөөр нь охидын эрх хаана, хэрхэн зөрчигддөг тухай жагсаалт гаргаж, түүнээс гарах арга замынх нь талаар ярилцсанаараа онцлог байлаа.

Архангай аймагт өнгөрсөн онд 14 өсвөр насны охид жирэмслэсэн бол 2018 оны эхний есөн сарын байдлаар 12 өсвөр насны охид жирэмслэсэн нь өсөх хандлагатай байгааг ЭМГ-ын мэргэжилтэн хэлж байлаа. Мөн 2017 онд ЕБС-ийн ахлах ангийн охидоос бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авахад долоон охин тэмбүүтэй, 20 гаруй нь бусад халдварт өвчин авсан байсныг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлсэн байна. Энэ мэтчилэн болзошгүй эрсдэлтэй зүйлээс хол байж, эрүүл мэнддээ анхаарахыг охидод сануулсан юм.

 

Аймгийн ЦГ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө. Ялангуяа цахим орчноор дамжуулан гэмт халдлагад өртөж хохирогч болохгүйн тулдUnfreindаянд нэгдэхийг уриаллаа. Архангай аймгийн тухайд эмэгтэй хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаагүй ч гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох явдал байсаар байна.

 

Энэ мэтчилэн мэдээлэл сонссоны дараа охид өөрсдийн сургууль, гэр, олон нийтийн зам талбай, эрүүл мэндийн байгууллага, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа худалдагчид гээд тэгш бус харьцаа, ёсзүй, ялгаврлан гадуурхалтын талаар ярьж, үүнээс хэрхэн ангижарч болох талаар арга зам гаргасан хэлэлцүүлгийг явуулсан юм.

 

Энэхүү арга хэмжээний дараа охидын гаргасан санал, асуудлын хүрээнд зөвлөмж гаргаж, охидын болон хүүхдийн эрх зөрчигдөж буй боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хүргүүлж ажиллах юм.

 

 

Охидын өдрийг энэ жил аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, ХЭҮК, ГБХЗХГ, МСНЭ-ийн Архангай дахь "Сайн-Оюут” салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.


3 сэтгэгдэл