|

КАТАЛОНЫ САЛАН ТУСГААРЛАХ ТЭМЦЭЛ

 

Өнгөрсөн бямба гарагт Испанийн Барселона хотод Каталон мужийн салан тусгаарлах санал асуулга явагдсаны нэг жилийн ойд зориулсан олон нийтийн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Улмаар зургаан хүн баривчлагдсан байна.

Мадридын өнцгөөс

Өнгөрсөн бямба гарагт Испанийн Барселона хотод Каталон мужийн салан тусгаарлах санал асуулга явагдсаны нэг жилийн ойд зориулсан олон нийтийн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Улмаар зургаан хүн баривчлагдсан байна.

Багтай салан тусгаарлах хөдөлгөөний гишүүд жагсаалын үеэр цагдаа нарруу өндөг, нунтаг будаг цацаж гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас цагдаа нар хүч хэрэглэж жагсаалыг зогсоохоос өөр аргагүй болсон байна. Харин жагсагчид салан тусгаарлагч бүлгийнхнийг хамгаалан цагдаа нарт багагүй төвөг учруулжээ.

"Мартахгүй бас уучлахгүй” хэмээн орилж салан тусгаарлагчдыг дэмжиж байсан жагсагчдын өөдөөс удалгүй нэгдмэл байдлыг дэмжигчид "Испани мандтугай” уриатайгаар халз тулгарав. Орон нутгийн хэвлэлээс мэдээлснээр 14 иргэн бага хэмжээний бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр Каталон мужийн тусгаар тогтнолыг шийдэхээр олон нийтийн санал асуулга явуулахад Мадрид дахь Испанийн эрх баригчид уг үйл явдлыг хууль бус хэмээн үзэж зогсоосон билээ. Харин каталончууд уг өдрийг олон нийтийн хүрээнд тэмдэглэж байна. Учир нь каталончуудын олонх нь санал асуулгыг дэмжсэн юм.

Каталоны өнцгөөс

Албан ёсны мэдээгээр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог дарж мэдээлсэн байх боломжтой талаар Каталоны удирдлагууд онцолж байна. Учир нь, тэдний мэдээлснээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Каталон мужид цагдаа нар хүч хэрэглэснээс болж мянга гаруй иргэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Өнгөрсөн бямба гарагийн жагсаалын хувьд тусгаар тогтнолыг дэмжигчид нэг өдрийн өмнөөс жагсаал хийх газар цугларч хоносон байна. Учир нь эрх баригчид үндэсний цагдаа нарыг дэмжих шийдвэр гаргахаар бэлдэж байжээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэхээр цуглаж байсан жагсагчид сүүлрүүгээ тусгаар тогтнолын төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлсэн нь мөргөлдөөний үндсийг тавьсан бололтой.

Салан тусгаарлагчдыг дэмжиж эхнэртэйгээ хамт жагсаалд оролцсон 68 настай Нарцис Термес хэлэхдээ "Каталон тусгаар тогтнолоо олно гэдэгт ямар ч итгэлгүй болсон. Миний амьдралын хамгийн шилдэг хором мөчүүд өнгөрсөн жилийн санал асуулгын үеэр өнгөрсөн. Тусгаар тогтнолын төлөө санал өгөх боломжтой гэхэд эцэг, эх маань баярласандаа уйлж байлаа. Гэтэл одоо бид тэр чигээрээ гацчихсан” гэв.

Түүнчлэн Каталон мужийн эрх баригчид, тусгаар тогтнолыг дэмжигч намууд улстөрийн хямралд орсон нь мужийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломжийг хааж байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард явагдсан тусгаар тогтнолыг дэмжигчид сонгуулиар ялалт байгуулсан боловч одоо тэдний ихэнх нь нутгаасаа дүрвэсэн, бусад нь салан тусгаарлахыг оролдсон санал асуулга олон нийтэд явуулж хууль бус ажиллагааг санаачилсан хэргээр шүүхэд дуудагдах өдрөө хүлээж байна. "Ройтерс” агентлагт жагсаалын бичлэгийг хийж илгээсэн Хуан Пуйг "Хоёр талын улстөрчдийн тэмцэл улам ширүүн болсоор байна” хэмээжээ.

Каталоны улстөрчдийн тэмцэл хараахан зогсоогүй байгааг тус мужийн есөн удирдагчийн нэг Ориол Хункуэрас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр ирэх оны Европын парламентад өрсөлдөнө гэдгээ зарлахдаа "Европын сонгуульд нэр дэвшигчийн үүднээс оролцох нь ардчилсан үнэт зүйлсийг үгүйсгэж, нухчин дарж буй Испанийн Засгийн газрын эсрэг тэмцэх хамгийн шилдэг арга” гэв.

0 сэтгэгдэл