|

ЕРӨНХИЙ САЙДЫН “ГУРВАН ТОМ”

ЕРӨНХИЙ САЙДЫН “ГУРВАН ТОМ”

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр "Би Төрийн ордны хоёр давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил хийсэн, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа” хэмээж байлаа.
Ийнхүү тэрбээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш нэг жил өнгөрчээ. Цаашдаа төр засаг тогтвортой байвал жил хагас ажиллах хугацаа бий. "Ардын” хэмээх тодотголтой Засгийн газар өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор ОУВС-тай тохиролцсон, зээл бондуудын өр, хүүг төлж бууруулсан, багш, эмч нараас эхлээд төрийн албан хаагчдын цалин мөнгийг нэмэгдүүлэхээр шийдсэн гэх мэт ажлуудыг хийж, зарим нь өдийг хүртэл маргаан дагуулсаар байгаа.

Гэхдээ эдгээр төр буй дор хийгдэж л байх ёстой гэр орны ажлаас нь илүү гадаадын гурван том гүрэнтэй хамтран хийх гурван төсөл энэ Засгийн газрын мөрийг Монголын түүхэнд үлдээхээр харагдаж байгаа юм. Тодруулбал, Энэтхэгийн нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэр, Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийгдэх шинэ Төв цэвэрлэх байгууламж, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдэх төслүүд билээ.

Дотооддоо шатахуун үйлдвэрлэх нь социалист системээс салсан шинэ монголчуудын мөрөөдөл байсаар ирсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагын нефтиэр дээлээ мялаасан тэр цагаас хойш газрын тос боловсруулах үйлдвэр барих яриа, шийдвэр цөөнгүй гарсан байдаг. С.Батболдын Засгийн газар Дархан-Уул аймгийн Хонгор суманд нефтийн үйлдвэр байгуулахаар шав тавьж байсан бол Н.Алтанхуягийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар тогтоол гаргаж байлаа. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавих ёслол болсон.

Уг үйлдвэр 2022 оны эцэс гэхэд ашиглалтад орох бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Ашиглалтад орсноос хойш эхний 10 жилд анхны хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх төлөвлөгөөтэй тус үйлдвэрийн дэд бүтцийг Монгол Улсын Засгийн газар хариуцах бол үйлдвэр, хоолойн ажлыг БНЭУ хариуцахаар болоод байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны танилцуулгаас харахад Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ДНБ-ий үйлдвэрлэл даруй 15 хүртэл хувиар нэмэгдэх гэнэ. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах үйлдвэрийнх 2.5 дахин нэмэгдэх аж. Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрөх аж. Хамгийн гол нь импортын дийлэнх хувийг эзэлдэг нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсноор инфляц тогтворжиж, төгрөг үнэ цэнээ алдахгүй байхад нөлөөгөө үзүүлнэ гэж судлаачид харж байгаа юм.

Улаанбаатар хотын төвлөрөл, насжилтыг да­га­сан олон асуудал бий. Үүн дотроо цэвэрлэх байгуу­ламжийн асуудал яалт ч үгүй жин дарна. Нэг үгээр 60 жилийн настай төв цэвэрлэх байгууламжийн үнэр Нисэх, Толгойтод үнэртдэг байснаа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхдэг болоод байгаа. АСЕМ-ын үеэр үнэрийг нь түр дарах арга хэрэглэж байснаар өөрөөр үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд дорвитой өөрчлөлт хийлгүй явсаар ирсэн. Өдөрт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг байдлаас нь харахад үнэр бол өнгөн тал нь бөгөөд элдэв өвчин үүсэх нөхцөлийг ч бүрдүүлж байгаа юм. Харин өнгөрсөн хавар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар өмнөд хөршид айлчлахдаа олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд өнгөрсөн сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгуу­лам­жийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолыг үйлдэн тууз хайчилсан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "1960-аад оны эхээр Хятадын талаас барьж өгсөн Энхтайваны гүүр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа шиг одоо баригдах Төв цэвэрлэх байгууламж мөн л урт удаан хугацаанд ашиглагдсаар байх болно” хэмээж байв.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй бөгөөд хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай аж. БНХАУ-ын талаас гурван компани, Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сарын 30-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн 350 сая ам.долларын компакт гэрээ байгуулсан тухай зарлаж байв. Тэгвэл АНУ-д айлчилж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдэн өдрийн өмнө тус улсын Засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах  ажлын төлөвлөгөөтэй нь танилцсан байна. Тэр үеэр Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган "Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн.

Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц үлдсэн. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпорац 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг  хэрэгжүүлсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна” гэсэн байна. Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэг­жүүлэх юм. Энэ хүрээнд 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулах бөгөөд ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үр дүнд нь ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо метр саарал ус нэвтрүүлэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн гэр хорооллын ундны усны худагт цэвэр­шүүлэх технологи болон хэрэг­лээний  систем суури­луулж, нөөцийг 70 сая шоо метрээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж. 

Ерөнхийдөө Монгол Улсын гурван өвчнийг илааршуулах ажил гараанаасаа хөдөлжээ. Гэхдээ эхэлсэн гэдэг нь амжилттай хэрэгжиж дуус­на гэсэн үг хараахан биш. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед дийлэнх ажил нь хийгдсэн байх эдгээр төслүүдийг тууштай, тогтвортой хэрэгжүүлж чадвал тэрбээр Төрийн ордны хоёрдугаар давхарт зургаа өлгүүлсэн төдий биш харин улсынхаа эмгэгийг эмчилж чадсан Ерөнхий сайд болон үлдэнэ.

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160465.htm

0 сэтгэгдэл