|

Малчин залуус урлаг, спортын 20 орчим төрлөөр өрсөлджээ

 

Малчин залуус урлаг, спортын 20 орчим төрлөөр өрсөлджээАрхангай /МОНЦАМЭ/.Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит "Малчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн анхдугаар уралдаан”, Хөнөг багийн нэрэмжит "Малчин залуучуудын урлаг, спортын наадам 2018” арга хэмжээ есдүгээр сарын 17-18-нд Батцэнгэл сумын ЗДТГ-аас зохион байгууллаа.

Малчин бүсгүйчүүдийн мал маллах, сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх,тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтийн хүртээл болгох, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, малчин залуусын нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэх, урлагийн авьяас, спортын ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Уралдаанд жилийн дөрвөн улирлын турш хөдөө мал маллан амьдардаг 200 орчим малчин залуу "Шилдэг саальчин”, "Хамгийн сүүтэй Монгол үнээ”, "Хамгийн сүүтэй гүү”, "Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, "Хамгийн сайхан ааруул”, "Хамгийн амтлаг ээзгий” шалгаруулах төрлөөр өрсөлдөв.

 

Тэд зөвхөн сааль сааж, мал маллах биш спортын төрлүүд болох гар бөмбөг, олс таталт, буухиа, сагсан бөмбөгийн шидэлт зэрэг төрлөөр өрсөлдсөхөөс гадна үндэсний сурын харваа, цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, гоцлол дуу, хоршил дуу, ерөөл, магтаал, уран уншлага зэрэг нийт 20 орчим төрлөөр авьяас билэг, ур чадвар, хурд хүчээ сорьжээ.

 

Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Х.Даваадорж даргатай Цац баг, дэд байрт Д.Төгс даргатай Дэл баг, гутгаар байрт С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, Dell брендийн зөөврийн компьютер, мөнгөн шагналын эзэд болов.Уг арга хэмжээний үеэр эцэг мал, суран эдлэл, цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.


Б.Гэрэлт-Од


1 сэтгэгдэл