|

Хууль хүчнийхэн ар араасаа шүүхийн хаалга татсаар...

Нийгэмд хууль журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдлоо. Прокурорууд нь хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан хэргээр шүүхээс ял авлаа. Хэргийн үнэн мөнийг тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг Шүүх шинжилгээний төвийн ажилтнууд хуурамч дүгнэлт гаргажээ гэх мэдээлэл нийгмийг цочроох боллоо.
Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байхад байдал иймдээ хүрч байсангүй. Санаандгүйгээр үйлдсэн авто ослын болон албан тушаалаа хэтрүүлсэн, бусдыг хугацаа хэтрүүлэн цагдан хорьсон гэх мэдээлэл л гардаг байв. Харин өдгөө хууль, хүчний байгууллагынхан нэг гараараа авлига авч, нөгөө гараараа хуулийг хэрэгжүүлдэг дүр эсгэж сууна. Хамгийн сүүлд гэхэд л Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналтын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан- Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.
Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг ч мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжийн өгсөн мэдээллээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулсан бөгөөд уг хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Эдгээр алба хаагчдыг "Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэгт буруутгасан тухай мэдээлэл явна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн саатуулаад байна. Тэднийг УИХ-ын гишүүн асан Ш.Гантулгад холбогдох хэргийн шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, буруу зөрүү дүгнэлт гаргасан, бичгийн хэвийг өөрчилсөн гэх ноцтой хэрэгт буруутгаад байгаа юм. Мөн бусдаас хахууль авсан хэмээн сэжиглэж буй юм. Энэ мэтээр иргэдийн итгэл найдвар тавьдаг хууль, хүчний байгууллагынхан ар араасаа шүүхийн хаалга татаж байна. Илэрч, ил гарч байгаа нь энэ. Цаана нь хэчнээн хэргийг нуун далдалж өнгөрүүлж байгааг мэдэх аргагүй юм. 

 

0 сэтгэгдэл