|

Н.Энхболд: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцсэн байна.
Тухайлбал, 33 хуулийн төсөл, УИХ 12, байнгын хорооны найман тогтоол хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэв.
 
Тэрбээр, "Нийт хэлэлцсэн асуудлуудаас бие даасан нэг, нэмэлт өөрчлөлт оруулах тухай зургаан хуулийг чуулганаар батлуулжээ. Үүнээс Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд зэрэг хуулийн төслийг нэрлэж болох юм" гэлээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар олон нийтээс санал асуулга авах уу?
 
-Саяхан батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол заавал Зөвлөлдөх санал асуулга явуулах юм. Бүх үйл ажиллагаа маш нарийн уялдаа холбоотой явагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлах ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тулгуурлан байгуулсан. Энэ ажлын хэсгээс судалгаа явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Зөвлөлдөх санал асуулга явуулах асуудлыг УИХ-д танилцуулна. Ингээд УИХ тогтоол гаргаж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт санал асуулга зохион байгуулна. Эндээс гарсан саналуудыг нэгтгээд мөн УИХ-д танилцуулна. УИХ уг саналуудыг судалж үзээд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах юм.
 
-Улсын төсвийг алдагдалгүй батлах асуудлыг Үндсэн хуульд оруулж болох уу?
 
-Үндсэн хуульд төсвийн алдагдлаа бууруулах асуудлыг нарийвчлан зааж, амжилттай хэрэгжүүлж буй орон олон бий. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах шаардлагтай гэдэгт санал нэгдэж байна. Ерөнхийдөө бол Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй. Эрх мэдлийн хувиарлалт, хариуцлагын тогтолцоо болон шийдвэр гаргах механизмыг тодорхойлох зэрэг нийгмийн хөгжилтэй уялдсан цөөн хэдэн заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм.
 
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?
 
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх УИХ-аар хэлэлцэж байсан. Гэвч зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул санаачлагчид нь буцаасан юм. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. УИХ-ын хаврын чуулганаар дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн, батлуулахаар төлөвлөж байна. Гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид, тогтвортой байх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
 
Тухайлбал, төрийн албан хаагч гурван жил ажиллаад мэргэжилтэн, таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн болно. Долоон жил ажилласан бол хэлтсийн дарга, 10 жил ажиллаад газрын дарга болно. Харин 15 жил ажилласан бол салбарын яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болох боломж нээгдэх юм. Мөн төрийн албан хаагчийг хууль бусаар халсан хүнд хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар ажлаасаа халагдсан хүнд олгох нөхөн төлбөрийг төр хариуцдаг. Шинэ хуулийн төсөлд буруу шийдвэр гаргаж ажлаас нь халсан удирдах албан тушаалтан нөхөн төлбөрийг төлдөг байх зохицуулалт орсон.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танай байнгын хорооноос өргөн барьсан боловч чуулганаар санаачлагчид нь буцаах шийдвэр гаргасан. Хуулийн төслийг дахин боловсруулах уу?
 
-Бүх шатны сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулах асуудлыг өмнөх УИХ шийдвэрлэсэн. Энэ хуулиар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан. УИХ-ын сонгуулийн дараа СЕХ-ноос манай байнгын хороонд "Бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахад бэрхшээлтэй, дутагдалтай тал олон байна. Тиймээс сонгууль бүрийг өөр хуулиар зохицуулах хэрэгтэй” гэсэн санал ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дөхсөн үед хуулийг өөрчлөх нь зохисгүй хэмээн үзэж санаачлагчид нь буцаасан. Ямартай ч энэ оны намрын чуулганы үеэр УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа.
 
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Энэ хууль нь Төрийн захиргааны байгууллагуудын шийдвэрт ард иргэдийн саналыг тусгах зорилготой. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахдаа иргэдийн дундаас ард түмнийг төлөөлж чадах хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгох юм. Сонгогдсон хүмүүсийн дунд санал асуулгынхаа тухай мэдээлэл хүргүүлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингээд хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг төрийн бодлого, хууль, тогтоолын төсөлд тусгана.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

0 сэтгэгдэл