|

Умард Солонгосын удирдагч Сингапурт хүрэлцэн ирлээ

Умард Солонгосын удирдагч Сингапурт хүрэлцэн ирлээ

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийхээр өнөөдөр Сингапурт хүрэлцэн ирээд байна. Өмнөд Солонгосын "Ренхап" агентлагийн дамжуулснаар Умард Солонгосын удирдагч өнөө өглөө  8.30 цагт Хятадын өндөр  албан тушаалтнуудын ашигладаг Хятадын агаарын тээврийн компанийн онгоцонд сууж Пхеньянаас Бээжинг зорьсон байна.  

Гэхдээ "СА122" нислэгийн дугаартай энэ онгоцонд Умард Солонгосын удирдагч суусан гэдгийг албаныхан батлаагүй байна. Гэхдээ удалгүй Умардын удирдагчийн суусан "Боинг 747-4жи 6" онгоцны  нислэгийн дугаар өөрчлөгдөж "СА61" болсон байсныг тус агентлаг мэдээлж байлаа. Ийнхүү Умард  Солонгосын удирдагчийн Сингапурыг зорьсон онгоцны талаарх мэдээллийг ихээхэн нууцалсан байна. 

Умард Солонгосын удирдагчтай өнөөдөр Сингапурын Ерөнхий сайд  Ли Сяньлун уулзалт  хийх  тухай  мэдээлэл байна. Мөн  түүнийг маргааш  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай  уулзахаар  төлөвлөсөн тухай Сингапурын "News Asia" телесуваг  мэдээлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Канадад болсон "Их 7"-гийн дээд уулзалтад оролцоод өчигдөр Сингапурыг зорин ниссэн. 

Түүний онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 20:35 цагт Сингапурт газардана гэсэн мэдээлэл байна. Харин АНУ, БНАСАУ-ын удирдагчийн уулзалт  ирэх  мягмар гарагт орон нутгийн цагаар 09:00 цагт эхэлнэ гэсэн мэдээлэл  байгаа  ч одоогоор  албан  ёсоор  батлагдаагүй  байна. Хоёр улсын удирдагчийн анхны түүхэн уулзалт Сингапурын Сентоза  арал дээрх "Капелла" зочид буудалд болох юм.

0 сэтгэгдэл