|

“Мал угаалга” хэмээх бузарлага

“Мал угаалга” хэмээх бузарлага

 

Амьтны арьс, үсэн бүрхүүлийг цэвэр цэмцгэр байлгах нь амьтан эзэмшигчийн өдөр тутмын хэрэгцээ юм. Хөгжсөн улсуудын амьтны анагаах ухааны практикт нохой, муур, адуу зэрэг амьтны угаалга, цэвэрлэгээ нь хүнийх лугаа адил мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ болж хэвшжээ. Саалийн үнээний арьс, дэлэн, хөхний цэвэрлэгээг саах бүрийдээ буюу жилдээ 600 удаа хийж хэвшсэн байна. Мах боловсруулах үйлдвэрт нядлах амьтны арьс, үсэн бүрхүүл, толгой, хөл, туурай, сүүлийг угааж, цэвэрлэх нь төхөөрөх технологийн нэг зайлшгүй, чухал дамжлага билээ. Амьтны арьс, үсэн бүрхүүлийн цэвэрлэгээнд зориулалтын онгоц, шүршүүр, саван, алчуур, сам, сойз, цэвэрлэх болон халдваргүйтгэх бэлдмэл хэрэглэнэ, нэг амьтанд цэвэрлэгээний нэг багцыг хэрэглэнэ. Ферм бүр амьтан, байр, тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээний шүрших болон умбуулах тоног төхөөрөмжтэй, халуун, хүйтэн  устай, цэвэрлэгээний болон халдваргүйтгэх бэлдмэлийн байнгын нөөцтэй байдаг.

Нүүдлийн мал аж ахуйд амьтны угаалга, цэвэрлэгээг байгальд даатгасаар ирсэн бөгөөд зун, намарт амьтны арьс өөрөө цэвэршиж, үсэн бүрхүүл нь гуужиж солигдоно. Жилдээ олон удаа хот сэлгэдэг, хашдаггүй, хотгүй оторлодог хагас зэрлэг сүрэгт ийм боломж байна. Зарим малчин хонио ноослоод нуур, голын усанд умбуулдаг. Цөөхөн малчин намар орой гол, нуурт малаа шахаж умбуулах нь амьтдыг чийрэгжүүлэх, арьсыг цэвэршүүлэх, шимэгчийг цөөрүүлэхэд тустай гэдэг. Байгалийн нөхцөлд өөрөө цэвэршдэг, хамгийн чанартай арьс, ноос жинхэнэ монгол малчны сүрэгт байна. Үүнийгээ алт болгоход нь малчинд амьтны эмч тусладаг. Ямаа самнасны, тэмээ ноослосны, үхэр, сарлаг, адуу хөөвөрлөсний, хонь хяргасны дараа савантай усаар шүршиж юмуу онгоцонд умбуулж угааж цэвэрлэвэл арьс, ноосны чанарыг сайжруулахад тус болно. Тус улсын амьтны анагаах ухааны практикт амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, цэвэрлэгээ хэмээх мэргэжлийн үйлчилгээг одоо хир хийгээгүй байна, үүнийг малчин, малын эмч хоёр хамтраад амьтны гоо сайхны мэргэжлийн үйлчилгээ болгон хэвшүүлэх боломж байна.

Амьтны арьсны олон зүйлийн шимэгчийг үхүүлэх зорилгоор эмийн бэлдмэлийн уусмал, цийдмэгт умбуулж эмчлэхийг "мал угаалга” хэмээн монголчлон нэрлэж хэвшжээ. Газарт урт, гүн суваг ухаж, чулуун хана өрж доторлоод, элс, цементийн зуурмагаар шавж нийвийдсэн 10 – 20 тоннын багтаамжтай онгоцонд ДДТ (дихлордифенилтрихлорэтан), гексахлоранаар идэвхжүүлсэн креолины цийдмэгийг дүүргээд олон мянган малыг умбуулж, цогнойсон толгойг нь дарж дүрэх эмчилгээг "угаалга” гэж нэрлэсэн. Энэхүү умбуулга бол амьтны арьсны угаалга, цэвэрлэгээ биш байлаа. Орос хэлний купание, англи хэлний dipping гэдэг үгийг дүрлэг, умбуулга гэнэ, угаалга (обмывание, washing) гэхгүй. "Мал угаалга” нь миний үеийнхний хүүхэд ахуй цагаас буюу 1960 оноос мал сүргийг хамуунаас эрүүлжүүлэхээр бүх суманд хэрэгжүүлж эхэлсэн, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн ихээхэн зардалтай, үр ашиг муутай, хүрээлэн буй орчинд халтай, мал, бүтээгдэхүүний чансааг доройтуулдаг мөртлөө албадлага, шахаагаар хийдэг олныг хамарсан нүсэр ажил байв. Нэгдэл, сангийн аж ахуй тарсан 1993 оноос "мал угаалга” бараг зогсож, мал эмнэлгийн үйлчилгээний салбарын хувьчлалын дараа нэг сэргэмээр болж, эмийн бэлдмэлийн үнэ, "угаалгын хөлсийг” малын эзэн төлөх болсоноор 2004 оноос саарч, 2008 оноос бараг зогссон билээ.

Энэхүү "угаалга” нь буруу хийвэл амьтан, орчны цэвэрлэгээ бус, эсрэгээрээ бохирлого, бузарлага юм. Үүнийгээ доорхи хэдэн зүйлүүдээр тайлбарлавал мал мэдэн хэнбугай нь ч ойлгоно буйзаа.

  1. Тухайн сүргийн бүх амьтныг нэг онгоцонд буй шингэн дундуур цувуулж гаргана. Эхний цөөхөн амьтны (цагаан зүстэй) арьс, ахар цайвартаад гарна, удаах хэд нь шаргалтаад гарна, дараагийн олонхи нь сааралтаад гарна, сүүлийн нилээд нь загалтаад гардаг. Түрүүчийн амьтны бие, арьс, хөлөнд байсан шавхай, тоос шороо, үс, хялгас, хөлс, зунгаг, баас, шээс, нус, шүлс зэрэг бохир зүйлс дараагийн бүх амьтны арьсанд шилжинэ. Бороонд угаагдсан цэврүү шиг цэвэрхэн амьтад сэрвээ, нурууны арьснаасаа базуулан онгоц руу шидүүлж, хог хөвсөн саарал цөөрөмд орхирч тийчлэн сэлж гараад, эвгүй үнэртэй бохир шингэн савируулаад, тургиж, толгойгоо сэгсэрч, загалтсан биеэ шилгээж зогсохыг хараад хэний ч сэтгэл баясахгүй. Шинэхэн эмч өнгөлөг, жавхаалаг сүргийг нэг удаа загалтуулаад юм бодно, би юу хийгээд байна даа гэж өөрөөсөө асууна. Анагаах ухааны "нэг амьтанд нэг тун”, "нэг амьтанд нэг багаж” гэдэг тулгуур зарчмыг мөрдөх боломжгүй, "нэг тунгаар мянган амьтныг” гэдэг зарчим өдгөө хаана ч хэрэгжихгүй.
  2. Наймдугаар сард ахар түрэх цагаар хурын усанд угаагдсан амьтны арьс хамгийн цэвэр байдаг. Сүргийн дийлэнх олонхи амьтан арьсандаа шимэгчгүй, цөөхөн амьтанд цөөхөн арьсч хачиг, ширх, бөөс, шалз байна, тэд ичээнд байна, хөдөлгөөн багатай, цөөхөн амьсгална, идэхгүй, үржихгүй. Яамны шахааг сонсвоос энэ сард улсын хэмжээнд 72.0 сая, нэг суманд дунджаар 218000, нэг хот айлд дунджаар 900 арьсандаа шимэгчгүй амьтныг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисын бэлдмэлээр загалтуулах ажээ. Эрүүл, цэвэрхэн амьтныг хортой бодисоор эмжүүлэх нь амьтны эмчийн мэргэжлийн хийгээд ёс зүйн ноцтой алдаа, давтвал зөрчил, гэмт хэрэг болой. Энэ бол амьтан, орчны ерийн бохирлого биш, бүр бузарлага бөгөөд үүнийг анагаах ухаан болон хүнсний аюулгүй байдлын практикт эмийн бузар (drug residue) гэдэг.
  3. "Угаалга” нь арьсны шимэгчийг үхүүлэх үр дүн муутай. Сайдын сурталчилж буй төхөөрөмжөөр нэг цагт 250 – 300, минутанд 4 – 5 бог "угааж”, нэг бог 12 – 15 секундэд эмтэй хутгалдах юм байна. Хэдхэн хоромд хачиг, шавьж үхэхгүй, олон шимэгч амьд үлдэнэ, иймээс сүргийг шимэгчээс цэвэрлэхгүй, эрүүлжүүлэх ажиллагаа биш. Амьтны арьсны шархыг эдгээхгүй, сэдрээнэ, зунжин шархандаа өт тэжээх зовлонд унана. Хагас сар хиртэй шумуул, хөх түрүү, дэлэнч, бургиус, батгана, ялаа суухаас бага зэрэг хамгаална.
  4. "Угаасан” малын биедээ хадгалж байгаа вирүс, нян, мөөг үхэхгүй, "угаалга” нь шүлхий, богийн мялзан, хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэхгүй. Хэрэв вакцинжуулсан сүргийн дотор вирүс хадгалагч амьтан байвал вирүсийг нь бусад олон сүрэгт шилжүүлж тараана. Вакцинжуулсан сүрэг нь шүлхий, цэцэг, мялзангийн вирүсийн нуувч болохыг, тэндээс вирүс эрүүл сүрэг, нутагт тарж буйг олон газар олон нүд харж, олон чих сонсож байна.
  5. "Угаалга” нь урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрхэвч биш. Наймдугаар сард нэг удаа креолины цийдмэгт дүрснээр амьтны арьсыг 10 – 2-р сард идэвхжих арьсч хачигнаас (хамуунаас), 12-р сард асах хүрднээс, 12 – 5-р сард идэвхжих ширхнээс, бөөснөөс, 2 – 5-р сард гадагшлах арьсч, хамарч, гэдэсч гуурнаас, 4 – 6-р сард асах бэлчээрийн хачигнаас, 5 – 9-р сард амьтныг ялаархуулж, тийрэглүүлж үйлийг нь үздэг тэмээч, адууч, үхэрч, хоньч хэдгэнээс хамгаалахгүй. Харин ч эсрэгээрээ, нэг сүрэгт байгаа шимэгч хадгалагч цөөхөн амьтны хачиг, шавьжийг олон эрүүл амьтанд шилжүүлж тараана. Нэг айлын сүргийн хачиг, шавьжийг төдийгүй мөөг, нян, вирүсийг ч өөр айлын сүрэгт шилжүүлнэ.
  6. Амьтны арьсанд буй хачиг, шавьжийг үхүүлэх эмчилгээ хийх хэрэгцээ 8 – 10-р сард хамгийн бага байдаг. Сүргийн бүх малын 10 хүрэхгүй хувь нь арьсандаа шимэгчтэй, нэг хот айлд дунджаар 100 орчим, нэг суманд 24000, улсын хэмжээнд 8.0 сая мал арьсч хачиг, бөөс, ширх, шалзны жирийн халдвартай буюу арав хорин шимэгчтэй. Сүрэгт нь нэг ч арьсны шимэгчгүй, шимэгчгүй шахам айл ч цөөнгүй. Тэмээ, адуу арьсны шимэгч багатай. Байнга хээр байдаг хотолдоггүй үхэр, сарлагийн арьс цэвэрхэн. Өвөл, хавар хашдаггүй, зун намар хотлодоггүй сүрэгт арьсны шимэгч байхгүй шахам, цөөхөн амьтан цөөхөн шимэгчтэй буюу жирийн халдвартай, тэр нь арьс, үсэн бүрхүүлийн нүдэнд үзэгдэх гэмтэл үүсгэхгүй. Эдгээр амьтдыг эмтэй хутгах хэрэггүй, хүсвэл цөөхөн шимэгчийг нь түүгээд хаячихаж болно. Шимэгчтэй малын 10 хүртэл хувь нь эмнэл зүйн юмуу хэт халдвартай, нэг хот айлд дунджаар 10, нэг суманд дунджаар 2400, улсын хэмжээнд 800000 амьтныг тусгаарлан, нэг бүрчлэн эмчилсэн шиг эмчлэх хэрэгцээ байна. Байран маллагаанд байгаа нэмнэдэг адуу, үхэр, байнга хашдаг хонь, ямаа ширхтэнэ, бөөстөнө, хамуурна. Өвөлжөөнд эрт буухад хүрд орно, хачиг ихтэй нутагт хаваржихад хачиг барина, арьсны шарх өтнө.
  7. "Угаалга”нь малын ноос ноолуурын гарц, чанарт нэмэргүй. Наймдугаар сард ганц удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрсэнээр амьтны арьсан дахь үсний тоо, урт, голч нэмэгдэхгүй. Харин ч үсний гал унтарч, гялалзаа арилж, өнгө бүүдийж, шарладаг, уян харимхай чанараа алдаж, хугарамхай болдог гэдэг. Мотоцикл, машины шил, толь, бүхээг, усны сав, гутал, хувцсанд үүссэн креолиний цийдмэгийн толбо арилдаггүй.
  8. Зун, намарт эрүүл амьтныг нэг удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрээд гаргахад илүү таргалахгүй, амьтны биеийн өсөлтийг тэтгэхгүй, мал давжаарахаас сэргийлэхгүй. "Угаасан, угаагаагүй” амьтдын биеийн өндөр, жинг харьцуулаад хэмжихэд ямар ч ялгаа гарахгүй.
  9. "Угаалга” нь мөн хүрээлэн орчинд халтай, олон амьтнаар дамжуулан малын хот, бэлчээр, ус, агаарыг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисоор бузарлана, "ариутгахгүй”, энэ бол байгаль орчны цэвэр, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Худгийн дэргэд, булаг шандны хажууд, нуурын хөвөө, голын булан, тохойд барьсан, 1993 оноос хаягдсан "мал угаалгын” онгоц баг бүрт бий, хэрэв хэрэгтэй байсансан бол хаягдахгүй байсан биз ээ.
  10. "Угаалга” мал, бүтээгдэхүүн, нутаг, бэлчээрийн нэр хүндэд халтай, чансааг нь доройтуулдаг, борлуулалтанд нь сөрөг нөлөөтэй. Мал "угаагаад” мал, махны борлуулалт, үнэ, экспорт нэмэгдэхгүй. Хэрэв мал "угаалгыг” газар дээр нь үзүүлбэл дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, хэрэглэгчид "угаасан малын” мах, сүү, ноос ноолуурыг хэрэглэхээс татгалзана.
  11. "Угаалга” амьтны арьсны чанарт нэмэргүй. Хэдхэн хором креолинтай усанд дүрсэнээр амьтны арьс зузаарахгүй, бөхжихгүй, шарх нь эдгэрэхгүй, сорви нь арилахгүй. "Угаалга” хийгээгүйгээс эрүүл амьтны арьсны чанар доройтлоо гэдэг худлаа. Наймдугаар сард хийсэн "угаалга” 9-11-р сард шигэх шивээнээс, 9 – 12-р сард мал нядлахдаа арьсыг нь урах, цоолох, эсгэхээс, хавар шигэх элс шорооноос, харгана, хамхуулын өргөснөөс, ямааны самны зурааснаас, зун хурах хөлс, шээг, зунгагнаас, ноос хяргах үеийн хайчны шархнаас хамгаалахгүй.

Шивээтэй өрсөлдөхүйц арьс гэмтээгч нь бэлчээрийн хачигны хошуу гэдэг. Амьтны арьсыг цоолж, шүлсээ царцаан бэхэлсэн хошуугаа хачиг 48–72 цаг цусаар зоог барихдаа ашиглаад, цоолсон шархандаа өргөс болгож үлдээгээд газарт бууна. Амьтны арьсыг хачигнаас хамгаална гэдэг хошуунаас нь хамгаална гэсэн үг. Хачиг үхүүлэх хүчтэй хор хольсон бэлдмэлээр 6 хоног тутам хийдэг тарих, шүрших, дүрэх, түрхэх,  дусаах, шавших, арчих эмчилгээ, 10 – 15 хоног тутам хийдэг нунтаг цацах эмчилгээ амьтны арьсыг хачигны хошуунаас хамгаалахгүй. Амьтны цуснаас юмуу агаараас хор хүртэж балайрсан хачиг үүсгэсэн шархандаа хошуугаа үлдээгээд л үхнэ. "Ам нь суларсан” буюу цадсан хачиг, хувалз хоронд өртөхгүй. Иймээс амьтны биед асч буй өлөн хачгийг арьс цоолоогүй байхад нь түүж цуглуулаад устгах, 4-р сарын дундаас 6-р сар гартал хачиг багатай нутагт хаваржих, ийм хоёр боломжийг ажилсаг малчид ашиглаж байна.

Хүрд, ширх, бөөс, арьсч хачиг, бэлчээрийн хачиг зэрэг олон зүйлийн шимэгчтэй олон жил тэмцэж, хүйтэн дайны хаялга болсон их мөнгийг маш цамаан "ашигласан”. Намар, хаврын ДДТ, гексахлоранаар идэвхжүүлсэн нунтаг буюу дүүстийн (dust гэдэг англи үгийг дусть хэмээн орос хэлнээ буулгасныг дүүст гэж монголчилжээ) боловсруулалт үр дүн муутай, хүн, амьтан, ахуй, орчинд нэн халтай ажил байв. Малчид, ялангуяа эмэгтэйчүүд нунтагтай их хутгалдсан. Хөхүүл эмэгтэй нүцгэн гараараа нунтаг чимхээд амьтны арьсанд үрэхийг харахад дотор зарсхийдэг. Одоогоос яг 50 жилийн өмнө манай сумын дунд сургуулийн захирал, хими – биологийн Х.Балт багштан нэг орой дотуур байраар зочилж, манай тасагт орж ирлээ, түүнд дүүст үнэртэж. Бид бөөснөөс салахын тулд хувцсандаа дүүст хийсэн байв. Хээ, дүүст үнэртэж байх чинь, алив багшдаа дүүстээ өгчих, багш нь та нарыг загнахгүй, дахиад битгий хэрэглээрэй, аюултай хор шүү дээ, дүүст хэрэглэснээс бөөстэйгээ байх нь дээр” гээд бидний дундын хөрөнгө болох сонинд боосон жаахан дүүстийг маань чимхээд биеэсээ хөндийхөн бариад гарч билээ. Ажил үүргийн хуваарьт нь нийгмийн эрүүл мэнд, ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдал туссан, багаас эхлээд Засгийн газрын танхимд ажиллаж буй хэдэн түмэн дарга, түшмэлд манай багштаны хандлага, сэтгэл, хариуцлага хир арвин байгаа бол?

Тэр үед цөөнгүй малчин малаа "угаалгах” дүргүй байв, малын эвэр мултална, хөл хугална, нурууны нь арьсыг хөндийрүүлж, хөх няц болгоно гэнэ. "Та нэгдлийнхээ малыг угаа, би амины малаа угаалгахгүй” гэх тохиолдол нэг бус удаа таарч байв. Хамуутай мал угаасан онгоцонд малаа угаалгаад хамуу халдаачихлаа гэх гомдол гарч л байсан. Сумын бараг бүх бог малыг хоёр удаа умбуулах хэмжээний "улсаас үнийг нь даачихсан” креолиныг, бас цалингаа авчихсан малын эмч бүх малыг "угаахаас” өөр гарцгүй, нэгдэл, бригадын дарга нар, малчдыг шахна, үхсэн малын актаар, акт авдаггүйг нь шагналын тодорхойлолтоор барьцаалан шахдаг байлаа.

Мал сүрэгт "угаалга” хийхээ больсоноос үхэр шүлхийрсэн, хонь цэцэгтсэн, ямаа, бөхөн мялзантсан, арьсны шимэгчид баригдсан, мах, арьс, ноос нь гологдож үнэгүйдсэний учир бүх малаа "угаагаад” шүлхий, цэцэг, мялзангаас сэргийлж, эрүүлжүүлнэ, мах, ноос ноолуурыг нь арвижуулж, арьс ширийг нь бүтэн болгоод хандсан зүгт нь экспортлоно, "малаа угаалгаагүй” малчны сүрэгт шүлхий, цэцэг, мялзан тусвал хариуцлага тооцно гэж ярьж яваа сайдыг олон нийт шоолж байна, өрөвдөж байна. Жинхэнэ түшмэл туслахтай, жинхэнэ эрдэмтэн зөвлөхтэй сайд ингэж олны элэг доог болохгүй, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэхгүйсэн. Жинхэнэ амьтны эмч ийм бузарлагад оролцохгүй. Наймдугаар сарын "мал угаалга”-д Засгийн газар, түүний амьтны эрүүл мэндийг эрхэлсэн сайд ингэтлээ сэтгэлээ чилээж, цагаа үрж, төсвийн мөнгийг угааж, малчдыг шахаж, заналхийлж явах хэрэггүй бөгөөд харин ч энэхүү бузарлагыг хориглож зогсоох үүрэгтэй, үүргээ биелүүлэхгүй бол огцрох ёстой бус уу?

Хэрэв хүсвэл, амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, арьс шимэгчгүйтгэх эмчилгээг хооронд нь ялгаж болно. Амьтны угаалгыг арьс, үсэн бүрхүүлийг цэвэрлэх, шарх эдгээх, сорви бүдэгрүүлэх сайн үйлчилгээ болгон хэвшүүлж болно. Амьтны арьс шимэгчгүйтгэх эмчилгээг сар бүр, сүрэг бүрт эрх бүхий эмч оношилж, шимэгчийн эмнэл зүйн болон хэт халдварт өртсөн амьтанд жинхэнэ мэргэжлийн эмчилгээг хийсэн шиг хийж болно.

 

 

О.Уламбаяр

Доктор


 

17 сэтгэгдэл