|

"АРХАНГАЙН ҮНЭН-70" ГЭЖ АХИН ДАХИН НЭГ ДУУЛГАХ УУ...?

"АРХАНГАЙН ҮНЭН-70" ГЭЖ АХИН ДАХИН НЭГ ДУУЛГАХ УУ...?

 

1947 онд Архангай аймаг өөрийн гэсэн нэрийн хуудас бүхий сонинтой болжээ. БНМАУ-ын анхны аймгийн нэг нь Архангай. Аймгууд дунд бас л анхны сонинтой болсон нь Архангай. Архангай аймгийн МАХН-ын хороо, захиргаанд "АРХАНГАЙН ҮНЭН" гэдэг сонин гаргах эрхийг МАХН-ын Төв хорооноос өгсөн нь энэ. Түүнээс хойш архангай аймгийнхан "Архангайн үнэн" сониноо амтархан уншиж, олон ч сайхан идэвхтэн бичигчтэй болж, олон ч сэхээтэн,ажилчин, малчин, тариаланч, нэгдэлчин, сурагч, багш "Архангайн үнэн" сонин захиалан уншдаг болжээ. Монголын олон зохиолч, сэтгүүлч энэ сонинд ажиллаж байсан түүх бас бий. Эхлээд бүх нийтээрээ хуучин монгол бичгээр уншиж, бичдэг, ярьдаг байсан учраас сонины анхны дугаарууд дандаа монгол бичгээр гарч байсан. Яв явсаар кирилл бичигт шилжжээ. Зохиолч Ц.Уламбаяр, Д.Найманжин, Б.Жамд, сэтгүүлч Ё.Санжаахүү, хошин шогч, яруу найрагч Жамцын Шагдар, хүүхдийн нэрт зохиолч Т.Жамьянсүрэн, В.Оросоо, О.Цэнд, Ш.Чимидбалдир...гээд нэртэй ,зүстэй улсууд энэ сонины гал голомтоос төрж, улмаар улсдаа нэрд гарчээ. 1984 онд Ж.Батсайхан миний бие "Архангайн үнэн" сонинд хуваарилагдан очиж сэтгүүлчийн гараагаа эхэлсэн. 1987 онд "Архангайн үнэн" сонины 40 жилийн түүхэн ойг тэмдэглэж байлаа. 1984-1989 он хүртэл энэ сонинтой өдөр шөнөгүй хамтдаа байж, "Архангайн Батсайхан" буюу "Архангайн үнэний Батсайхан" гэж хот хөдөөгүй нэрлэгдэж явснаараа бахархам байдаг даа. Арын хангайн хүү удалгүй 1989 онд "Монголын залуучууд" сонины хүн болж хот руу шилжирлээ. Эрхэм нутгийн анд, яруу найргийн зуузай холбон явсан С.Батмөнх маань "Монголын залуучууд" сонины ерөнхий эрхлэгчээр томилогдонгуутаа улс даяар уран бүтээлийн шилдэг бичлэгийн уралдаан зарласнаар арын хангайнхаа олон жилийн алдаа оноог базан бичсэн "Халх сайхан чанар хаашаа хулжчихваа" нийтлэлээрээ шалгарч, хотод шилжих эрхээ авч, тийнхүү "Архангайн үнэн" сониноосоо буруу харж уйлж, зөв харж инээж, ажил амьдралынхаа салаа замын ацаг татсан даа. Удалгүй Ц.Балдорж эрхлэгч, Бямбажал багшийнхаа урилга заллагаар төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины утга зохиолын нарийн бичгийн албанд залагдаж өнөөх "Архангайн үнэний Батсайхан" маань "Ардын эрхийн Батсайхан" болж цоллогдсоор нийслэлийн иргэн, төвийн хэвлэл мэдээллийн нэгэн бурхи болж бөлгөө. 1997 онд буюу "Архангайн үнэн" сонины 50 жилийн ой маань чимээгүй өнгөрөв...Сонин минь амь тавьж, хэвлэх үйлдвэрийг хувьчлаад дашийшог болжээ. 2007 онд "Архангайн үнэн" сонины 60 жилийн тухай хэн ч, юу ч дуугарсангүй...2017 онд...ганц нэг ахмадууд үг хэл сонсгож, өвөр зуураа ярьсаар "Архангайн үнэн" сонины 70 жилийн ой бас л чихний хажуугаар өнгөрөв. Харин энэ өвлөөс ахмад, залуусын төлөөлөл уулзаж, сониныхоо үүх түүхийг сөхөж, нутаг усандаа уулзах тов гаргалаа. тэгээд "Архангайн үнэн" сонин, хэвлэх үйлдвэрийн хэсэг нөхөд уулзаж 2018 оны 06 дугаар сарын 21-24-ны өдөр Архангайд уулзахаар боллоо...Уулзья та минь..."Архангайн үнэн" сониныхон минь...

2018.06.09...14-16 цагун дору...

3 сэтгэгдэл