|

Өрлөг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг Архангайн аймгийн барималч С.Чоймбол бүтээжээ

Өрлөг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг Архангайн аймгийн барималч С.Чоймбол бүтээжээ

XX зууны манлай уран барималч, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Содномын Чоймбол Архангай аймгийн Хашаат суманд төржээ. Түүний бүтээж урласан олон сайхан хөшөө дурсгалууд бий. Одоогийн бидний сайн мэдэх жанжин Д.Сүхбаатарын хөшөө, маршал Х.Чойбалсангийн хөшөөнүүд юм.
Улаанбаатар хотын төв талбайн голд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барималч С.Чоймбол зохиож, хөшөөг тойрсон арслангуудын загварыг Н.Жамбаа гаргаж, боржин чулуугаар урлажээ. Анх 1943 онд С.Чоймболыг ЗХУ-ын Москва хотноо Оросын алдарт барималч Меркуровын урланд суралцаж байх үед жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барих шийдвэр гарч, эх загварыг хийх даалгаврыг С.Чоймболд өгчээ.

Д.Сүхбаатарын хөшөөны хэд хэдэн загварыг хийсэн бөгөөд үүний дотроос одоо байгаа хөшөөний загварыг 1946 онд баталжээ. Уг хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр нь 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр ба хөшөөг ердөө 6 сарын дотор дуусгажээ. Одоо Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд байдаг бөгөөд 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, хүрэлджээ.

XX зууны манлай уран барималч, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чоймбол бага наснаасаа шашны номд суралцахын зэрэгцээ төрсөн ах Шараваас монгол урлалын аргаар бүтээсэн цутгамал, сийлбэр, шуумал, хөмөөл, зүмбэрийн арга барилыг сурч, бурханч лам болон гавжийн хэргэм зэрэг хүртэж Эрдэнэ зуу хийдийн гэсгүй лам хийж байжээ. Тэрээр амьдралынхаа хугацаанд олон зовлон үзсэн ч гэсэн түүний гавьяаг төрөөс үнэлж олон шагнал гавьяаг өгсөн байдаг. С.Чоймбол 1970 онд өөд болжээ.

Түүний 110 жилийн энэ онд тохиож байгаа бөгөөд түүний үр хүүхдүүдээс нь санаачлан аавынхаа урлаж байсан бүтээлийн дээжээс, намтар, түүхэн замналыг харуулсан буланг Архангай аймгийн музейн урлалын танхимд нээсэн юм.

Эх сурвалж: Сэтгүүлч Ч.Зэвэг


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл