|

ӨЧИГДӨР ОРОЙ ...

ӨЧИГДӨР ОРОЙ ...

 

Өчигдөр орой Хөххотын тэнгэрт од түгсэнгүй. Түгсэн ч би олж харсангүй. Адуу шиг цагаан шүдээ яралзуулаад Арлааны хүү л нүдэнд хоргодоод хэцүү байлаа. Энэ авьяаслаг хүүтэй нас хол зөрөөтэй ч оюутны он жилүүдийг тэр үеийн Улсын багшийн их сургуулийн оюутны нэгдүгээр байрны гурван давхарт шүлэг ном ярьж, насны зөрөөгүй юм шиг хуучилж суусан булан тохой нүдэнд харагдаж байна. Тэр надаас Мөнхтөр ахаа Цэвэлийн ногоон толио өгөөч гээд л орж ирдэг байлаа. Ямархан үгийн утгыг мөшгөх гэж гуйдаг байсан юм бол...Шүлгээ бичиж утгаа гүнзгийрүүлэх гэсэндээ л тэр толийг байн байн гуйдаг байсан биз ээ... Нэг л өдөр би түүнд миний дүү наад толио ав даа гээд өгсөн юм...Тэр цаг хорь гаруй жилээр алсарч Эрдэнэ-очир дүү маань утга зохиолын яруу орчилд өөрийн дуугаа өргөж, үгээ сэржимдэж он жилүүдийг яруу үгсийн тарниар аргадан аргадаж өчигдрийг хүрсэн юм. Түүний монгол үгсийн дулаан эгшгээр зөөлөн бийрээр утга сийлэн бичсэн сайхан шүлгүүдийг олон жил уншлаа. Хожим сүүлд манай хоёр бага тойрууд ойрхон амьдарч, өглөө бүхэн л тавдугаар сургуулийн арын талбайд уулздаг сан. Охиноо салхилуулж гарна. Өөрийнхөө биеийн чилээг гаргана. Мөнхтөр ахаа би ингээд л хэд сайхан алхаад гараа алдлаад хоёр тийшээ суниачихвал болчихдог юм...гээд тавын арын талбайг хамтдаа хоёр гурав тойрондоо... Утга зохиолын тухай, шинэ номын тухай, зохиолч нөхдийнхөө тухай, Шарттолгой гуайн тухай гээд бид ярих сэдэв ундраад л байдаг сан...Нутгийнх нь зохиолч ах Шартолгой гуайнх манай гурав чандмалж буусан говийн гурван айл шиг аж төрж байлаа. Өглөөдөө тавын ард оройдоо 4-р хорооны цэцэрлэгт уулзана. Хааяадаа Галсансүх маань хэдэн хүүхдээ ёолкны мод шиг тойруулаад гарч ирнэ...Бидний бичил орчин энэ байлаа... Одоо тавын арын талбайд гуйгаад ч ирэхгүй, таван тивийн хаанаас ирэхгүй, тэнгэрийн оронд газрын төрхийг зурж бичиж суух л хугацааг түүнд өгчээ...Цаг хугацаа гэдэг ямагт ялагч байдаг болохоор эргүүлж яаж дийлнэм. Ай даа... Бас нэгэн дурсамж сөхюу... Өнгөрсөн нэамар дэлхийн яруу найргийн чуулган монголд боллоо.Энэ үеэр Бээжингээс эрдэмтэн яруу найрагч Дулаан ирж тэд хэд хоног хамт явжээ. Тэгээд Дулаан маань буцаж. Өөрийнхөө шүлгийн гурван номыг өгөх гээд тийм завгүй найр сархад зэрэгцүүлж явсаар өнгөрч. Хожим нь Хөххотод ирэхдээ бор цаасан дугтуйтай гурван номоо надад үлдээсэн юм. Эрдэнэ-Очирт өгөөрэй гээд... Тэгж байтал Дулаан маань дахиад утасдаж байна. Монголын зохиолчдын сонгомол бүтээлийг хятад хэл дээр орчуулж нэг боть гаргах болсон... гээд зохиолчдын нэрсийг өгч бүтээлийг нь цуглуулж туслахыг хүссэн юм. Энэ ёсоороо Эрдэнэ-очиртойгоо цахимаар ярьж шүлгүүдийг аваад Дулаанд дамжуулснаар түүний бүтээлийн дээжээс хятад хэлээр хэвлэгдэх тэрхүү ботид ороод одоо хэвлэлээс гараад цөөн хонож байна. Энэ гурван номыг нь амжиж өгч чадаагүйдээ хүлцэл өчье....Тэнгэрийн оронд очсон хойноо унших хувь заяасан юм бол уу даа...


Л.МӨНХТӨР
2018.05.16 Хөххот

0 сэтгэгдэл